Эцэг эхчүүдийн уулзалт амжилттай сайхан болсон

2023 оны 11-р сарын 18-нд Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газарт болсон эцэг эхчүүдийн уулзалтын үеэр Сан Франциско хотын сургуулиудын захиргаанд мэргэжилтнээр ажиллаж буй Жанцанхорлоо маань Америкийн болон тэр дундаа Калифорнийн бага, дунд, ахлах сургуулиудын төсөв, ирц бүрдэлт, багш нар, эцэг эхчүүдийн үүрэг, юун дээр илүү анхаарах гэх мэтээр ээж аав нарт маш үнэтэй зөвлөгөө өгсөн.

-- Хэлний бэрхшээл, цагаачлалын статус харгалзалгүй хүүхдийнхээ сургуульд асуудлаа танилцуулдаг байх

-- Сургуульд эцэг эхийн оролцоо өндөр байдаг болохоор хүүхдээ сургуульд зөвхөн даатгалгүй, эцэг эхчүүдийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх

Өөр олон хэрэгтэй зөвлөгөө өгсөн Жанцанхорлоогийн илтгэлийн материалыг авах хүсэлтэй бол имэйл хаягаа консул, эсвэл холбооны мэссэнжэрээр илгээж болно.

Уулзалтыг санаачлан зохион байгуулсан ЕКГ-т болон олон үнэтэй мэдээлэл өгсөн Жанцанхорлоодоо талархлаа илэрхийлье.

БАМХ

БОЛОВСРОЛЫН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар, Бэй Аэриа дахь Монголчуудын Холбоотой хамтран Сан Франциско Бэй Аэриа дүүргийн Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа монгол хүүхдүүдийн боловсролын асуудлаар санал солилцох уулзалтыг 2023 оны 11 сарын 18-ны өдөр тус ЕКГ-т зохион байгуулав.

Ерөнхий консул Б.Мөнхбаатар уулзалтын эхэнд хүүхдийнхээ боловсролд санаа тавьж, амралтын өдөр цаг гарган ирсэн бага, дунд, ахлах сургуульд суралцаж буй 20 гаруй сурагчдын эцэг эхэд талархал илэрхийлж, тус ЕКГ-ын үйл ажиллагааг товч танилцуулав.

Уулзалтад Сан Франциско хотын Боловсролын газрын Бодлого төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Д.Жанцанхорол оролцож, тус дүүргийн боловсролын тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, эцэг эхчүүдийн сонирхсон асуултад хариулав.

Сан Франциско хотын сургуулиудын нэгдсэн дүүрэг нь Калифорн мужид 1851 онд байгуулагдсан, тус мужийн долоо дахь том сургуулийн дүүрэг юм. Тус дүүргийн 126 сургуульд 50 мянган сурагч суралцаж байна.

ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе.

Охид, эхчүүд, эмэгтэйчүүддээ ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун баярыг хүргэж, амжилтын дээдийг ерөөе.

Бэй Аэриагийн бүсгүйчүүд бүгдээрээ асар их хөдөлмөрч, олон нийтийн төлөө цаг наргүй зүтгэдэг, уужим агуу сэтгэлтэй, эрдэмтэй, шаламгай, ухаалаг, манлайлагч, үзэсгэлэнтэй билээ. Та нар маань "Монголчууд" гэсэн нэрийг өөд нь татаж, эх орон, гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхөд, ерөөс бүгдийг сэтгэлдээ багтааж, салбар бүрт манлайлж байна.

Эмэгтэйчүүдийн баярын энэ өдөр сайхан монгол бүсгүйчүүдийн төлөөллөөр нүүр номын хуудсаа чимье.

Улам ихийг хийж бүтээгээрэй. Санасан сэдсэн бүхэн нь дардан сайхан бүтэж байг.

Хийж бүтээсэн, түшиж дэмжсэн, санаж санаачилсан бүхэнд тань талархая.

БАМХ

Хулгана жилийн босгон дээр хийсэн ажил хэргийн уулзалт

МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суухаар шинээр томилогдон ирсэн ерөнхий консул Бандихүүгийн Ургамалцэцэг 2020 оны 2-р сарын 22-нд БАМХ, "Монголын соёлын төв"-өөр зочилж, ажил хэргийн уулзалт хийлээ.

Уулзалтад Ерөнхий консул Б.Ургамалцэцэг, дэд консул Бямбажаргал, БАМХ-ны тэргүүн Ц.Батсоёмбо, УЗГ А.Болдсүх, гишүүн С.Баттулга, С.Төмөрбаатар, П.Сэлэнгэ, санхүүч Б.Саранчимэг, Берклигийн их сургуулийн монгол оюутны холбооноос Д.Тэнгис нар оролцлоо. Уулзалтад оролцогчид Бэй Аэриа орчимд суугаа монгол иргэдийн байдал, БАМХ-ны үүх түүх, зохион байгуулалт, хийж гүйцэтгэсэн ажлууд, тулгардаг бэрхшээл, хамтран ажиллах боломжууд гээд өргөн хүрээнд санал бодлоо солилцов. Мөн Д.Тэнгис, Б.Өлзийсайхан нар гадаадад байгаа иргэдийг улс төрийн сонгуульд оролцуулахгүй байхаар хуульчилсныг эсэргүүцэж, иргэдийн гарын үсгийг цуглуулснаа ЕК Ургамалцэцэгт гардуулав. Тэд эсэргүүцлээ ЕКГ-аар дамжуулан, төр, засгийн холбогдох байгууллагад хүргүүлэх хүсэлтэй байна.

Уулзалт ажил хэрэгч, халуун дотно уур амьсгалд амжилттай сайхан боллоо.

Шинээр томилогдсон ерөнхий консул Б.Ургамалцэцэгт ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

БАМХ

Баяр хүргэе

2020 оныг угтах БАМХ-ны шинэ жилийн цэнгүүний үеэр Бэй Аэриад суугаа монголчуудынхаа төлөө үнэт цаг, хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ олон жил зориулж ирсэн хоёр сайхан бүсгүйд АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит "Оны сайн үйлстэн" шагналыг гардуулав.

Монголчуудын үүсгэл санаачлагын байгууллагуудын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Насангийн Ганчимэг, Бэй Аэриад зохиогдож буй урлаг, спорт, өв уламжлал, сургалт, сайн үйлсийн бүхий л арга хэмжээнд цаг заваа зориулан ажилладаг Пүрэвийн Сэлэнгэ нарт АНУ-ын ерөнхийлөгч Трампын гарын үсэг бүхий захидал, энгэрийн тэмдгийг Бэй Аэриагийн Монголчуудын сайн үйлсийн ууган зүтгэлтэн, БАМХ-ны УЗГ Ширчингийн Баатар гардуулан өгч, сайн үйлсийн эздэд амжилт хүслээ.

Монголчуудынхаа төлөө өдийг хүртэл маш олон цагийн хөдөлмөрөө зориулсан Н.Ганчимэг, П.Сэлэнгэ нартаа талархлаа илэрхийлье, Олны төлөө үйлс өөдөө байх болтугай.

БАМХ

БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ БЭЙ АЭРИАГИЙН МОНГОЛЧУУДТАЙ УУЛЗЛАА

2019 оны 12-р сарын 8-нд МУ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй албаны хүмүүс Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хот орчмын Бэй Аэриагийн Монголчуудын холбооны удирдлагууд, иргэдийн тѳлѳѳлѳлтэй чѳлѳѳт уулзалт хийлээ.

Уулзалтад Бэй Аэриа орчимд соёл, спорт, олон нийт, боловсролын үйл ажиллагаа явуулдаг монголчуудын байгууллага, клуб, хамт олны төлөөллүүд оролцож, хийсэн ажлаа танилцуулан, тулгардаг бэрхшээл, гарах арга замууд, төр ба олон нийтийн байгууллагууд хамтран ажиллах боломжийн талаар чөлөөтэй ярилцан, саналаа солилцов.

Уулзалтын үеэр БАМХ-ны тэргүүн Ц.Батсоёмбо БАМХ-ны олон талт үйл ажиллагаа, хэрэгжүүлж ирсэн ажлын чиглэлүүд, цаашдын зорилго, мөн гадаадад буй олон нийтийн байгууллагууд улсынхаа боловсрол, соёл урлаг, спорт, гадаад сурталчилгааны чиглэлд хамтран ажиллах ямар боломжууд байгаа талаар санал бодлоо илэрхийлэв.

Хүүхдийн "Гэр" төвийг төлөөлөн багш Б.Алтанзаяа ажлаа танилцуулж, гадаадад байгаа хүүхдүүдийн монгол хэлний боловсрол, сурах бичгийн асуудлын талаар, "Монгол филмс", "Монгол уран нугаралтын төв"-ийг төлөөлөн Цогтбаяр хийж буй ажлаа танилцуулж, монгол киног америкийн зах зээлд гаргах, монгол киноны өдрүүд зохион байгуулах тухай, "Даша дожо" дэвжээний Дашмягмар, үндэсний бөхчүүдийн төлөөлөл аймгийн арслан А.Болдсүх, сагсан бөмбөгчдийн төлөөлөл, спортын мастер Ичинхорлоо нар гадаадад байгаа монголчуудын спортын арга хэмжээ, бэлтгэл сургалтын талаар танилцуулан, чөлөөтэй ярилцав.

Монгол Улсын Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Гадаад харилцааны яамнаас зохион байгуулдаг “Миний Монгол наадам” арга хэмжээнд БАМХ жил бүр амжилттай оролцож ирсэн бөгөөд 2019 онд дэд байрт шалгарсныг батламжилсан Батламжийг сайд Ё.Баатарбилэг хүндэтгэлтэйгээр гардуулан, улам их амжилт хүсч, баяр хүргэлээ.

Мөн Америкийн Нэгдсэн Улсад сурч, амьдарч байгаа иргэдийн хүүхэд багачуудад Монгол үндэстний ѳв, соёлыг танин мэдүүлэх үйлст үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа морин хуурын багш Б.Нямдоржийг Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Жуух бичгээр шагнав.

Бидний хүсэлтийг хүлээн авч, монголчуудынхаа засварлан тохижуулж, байнгын үйл ажиллагаатай байлгахыг зорин ажиллаж буй "Монголын соёлын төв"-өөр АНУ-д хийж байгаа ажлын айлчлалынхаа зав боломжоор саатан морилсон эрхэм сайд болон албаны бусад хүмүүс, бидний хүсэлтийг дамжуулан энэхүү уулзалтыг зохион байгуулахад чин сэтгэлээсээ тусласан ЕКГ-ын хамт олонд гүн талархал илэрхийлье.

БАМХ