Талархал

Бэй Аэриагийн монголчууд 2019 оны 11-р сарын 9-нд Ажаа Гэгээний төслүүдийг дэмжих хандивын өдөрлөгийг амжилттай зохион байгуулж, нийт 16255 доллар цуглуулан хандивласан билээ. Хандивын ажиллагаанд маш идэвхтэй оролцож, эх орон руугаа шууд хөрөнгө оруулсан хандивлагч, дэмжигч нартаа талархлаа илэрхийлье.

БАМХ хандивын арга хэмжээнээс босгосон болон урьдчилан цуглуулсан нийт мөнгөн хандив 16255 долларыг Ажаа гэгээний санд өргөсөн болно. Ийнхүү зардал гаргалгүй хандивлах боломж олгож, баяр танхимтай холбоотой зардал, зочдын хоол хүнсийг даасан, урлагийн тоглолт, зочдын үйлчилгээ, бусад зохион байгуулалтын ажилд гар бие оролцсон бүх хүмүүст баярласнаа илэрхийлж, өглөг буян нь дэлгэрч, түм бумаар арвижихын ерөөл өргөе.

Байр танхимын зардалд:

Цэрэндулам эзэнтэй Албани хотын "Кику суши" хоолны газар 500 доллар

Бусад зардлыг БАМХ хандивлав.

Зочдын хоол хүнсэнд зориулан:

Тамираа эзэнтэй “Heavenly bistro” өвчүүний махан зууш, байцааны болон нийслэл салат, боорцог

Бурханы шашны “Занабазар” төв 500 бууз, өвчүүний махан зууш

Эрка, Тулгаа эзэнтэй “Евроазиа” хоолны газар 15 кг банш

“Наадам” хуушуурын цехийн Р.Отгончимэг (Беркли)200 халуун хуушуур

“Бөмбөөлэй” бэйкерийн С.Оюунгэрэл иж бүрэн тавгийн идээ, хэвийн боов, боорцог, өрөм, ааруул, хайлмаг, цагаан идээ

Одон багшийн охин Очгэрэл Ажаа гэгээний төрсөн өдрийн бялуу

Энхтөгөлдөр Ажаа гэгээн болон лам нарын цагаан хоол

Мика 20 л сүүтэй, шар тостой цай

Ч.Ганзориг, Б.Түмэнжаргал (Оакланд) нар буцалгасан аарц

П.Сарнай (Аламеда) 2 том бялуу, ус, ундаа

Ю.Ариунзаяат (Оакланд) өвчүүний махан зууш

Уран бүтээлээр хувь нэмрээ оруулсан:

“Gband” хамтлаг (хөгжим, техникээр мөн хангасан)

МУСТА Сэрчмаа багшийн шавь нар, “Монгол уран нугаралтын төв”-ийн уран нугарагчид

МУСТА, дуучин Д.Өнөрбаатар

МУСТА, дуучин Билгүдэй

БАМХ-ны дэргэдэх морин хуурын дугуйлангийн багш Б.Нямдорж, түүний шавь Т.Соёмбо

Сан Франциско хотын хөгжмийн консерваторийн оюутан Эрдэнэтангад

МУСТА Батзоригийн шавь, Калифорнийн их сургуулийн оюутан, бүжигчин охин З.Амуунаа

“Гэр” төв, “Би монгол” сургуулийн сурагч Б.Энхлэл, Б. Энхлэм, Б.Саруул

Туслах найруулагч А.Ариунтуул

Урилганы болон зарын загвар гаргасан Т.Золбоо

Хөгжим, саундыг хариуцсан Б.Улаанаа

Хөтлөгч Ю.Ариунзаяат

Гэрэл зурагчин William Lee

Нэгдсэн зохион байгуулалт:

Ложистик, байр танхимын ерөнхий тохижилт хариуцсан А. Болдсүх, С.Төмөрбаатар, С.Баттулга

Санхүү хариуцсан Б.Саранчимэг

Борлуулалт хариуцсан П.Сарнай, А.Ариунтуул, Б.Түмэндэмбэрэл, Чүнпэй, Д.Дүүрэнжаргал

Ширээний гол чимэглэл бэлтгэсэн, материалыг хандивласан Д.Долгорсүрэн

Сайн үйлсийн сурагчдыг хариуцсан Ч.Булгантамир

Арга хэмжээний бэлтгэлд болон арга хэмжээний үеэр ажилласан Жавзансүрэн, Туул, Жанет, П.Сарнай, Мика, Р.Отгончимэг, Пүүжээ, Үзмээ, Ц.Алтантуяа, Б.Өлзийсайхан болон

Хүндэтгэн дэмжиж морилсон МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа консул Г.Мэнджаргал, “Занабазар” төвийн хамба ламтан Дамчаабазар, Вашингтоны монголчуудын холбооны болон “Америк дахь Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Дэлгэрцогт, “Зөв” тэтгэлгийн тухай танилцуулсан тус сангийн гүйцэтгэх захирал Саранчулуун, арга хэмжээний зохион байгуулалтад зөвлөхөөр ажилласан Ш.Баатар нарт талархлаа илэрхийлье.

Монголын ард түмний тусын тулд далайцтай, нэн шардлагатай төслүүд санаачлан, хөрөнгийг нь босгож, олон түмнийг буяны үйлсэд татан оролцуулж байгаа Ажаа гэгээнтэн танд талархлаа илэрхийлж, буянд даган баясъя.

Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо

Уулзалт сайхан боллоо.

Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-ын төлөөлөл 2019.11.2-нд Бэй Аэриагийн Монголчуудын Холбооны байранд Холбооны гишүүд, энэ хавийн Монголчуудтай уулзаж, хилийн чанад дахь иргэдийн нийгмийн асуудал, хүүхдүүдийн боловсролын чиглэлээр санал бодлоо солилцон, Засгийн газрын "Дэлхийн Монголчууд" хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, цаашдын хандлага, төлөв байдал болон төрийн болон тбб-уудын хамтын ажиллагааны асуудлаар иргэдтэй санал солилцлоо. Мөн гадаадад ажиллаж байгаа Монголчуудын нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар, сонгуульд санал өгөх эрхийн талаар, давхар иргэншлийн талаар санал бодлоо солилцлоо. Уулзалтад МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа консул Г.Мэнджаргал, дэд консул Бямба нар хүрэлцэн ирэв. Энэхүү ажлын аяллын бүрэлдэхүүнд ХЧМЗ-ийн Тэргүүн Н.Номун-Эрдэнэ, Нийгмийн бодлогын хорооны дарга С.Цэрэндэмбэрэл, Спортын Хорооны дарга Д.Амарбаясгалан, Хөтөлбөр хөгжлийн хорооны дарга Б.Энхгэрэл, УЗГ Г.Эрдэнэцэцэг, УЗГ МҮТВ-ийн сурвалжлагч Б.Гэрэлмаа, ажлын албаны гишүүн Д.Мөнхзул, Австрали дахь ОЗ-ийн Э.Уянга, УЗГ Г.Гангаа нар байна.

Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо

Бидний бахархал

Урлагийн олон талын авьяастай Агиймаа охиноор, охиндоо цаг зав, сэтгэл зүрхээ зориулж, байнга дэмждэг аав ээж, гэр бүлээр нь үнэхээр бахархаж байна. Бэй Аэриагийн монголчуудын 2018 оны "Урлагийн шилдэг"-ээр шалгарсан Д.Агиймаа соёл урлагийн олон арга хэмжээнд оролцож, авьяас билгээ хөгжүүлж, завгүй хөдөлмөрлөж явна. Өөрийгөө бүрэн дайчилж байгаа хүнийг амжилт дагах нь зүй билээ.

Саяхан Малайз улсад болсон "Super kiddos International Search", "Luxury brand model awards" тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож, олон орны багачуудаас авьяас билгээрээ шалгаран манлайлж, тэргүүн байрыг эзлэн гурван шагнал, цомын эзэн болжээ.

Агиймаа Бэй Аэриагийн хүүхдүүдийг төлөөлж, Үндэсний телевизийн "Үлмэдэх Америк орноор" нэвтрүүлгийн зочноор оролцож, хэвлүүхэн ухаалаг яриа, гаргасан амжилт бүтээлээрээ үзэгч олны хайрыг татаад амжсан.

"Гэр төв", "Би монгол" сургуулийн анхны сурагчдын нэг Д.Агиймаа БАМХ-ны дэргэд төгөлдөр хуурын дугуйлан нээгдэхэд бас л хамгийн анхны шавь нарын нэг болж байсан. "Азийн модель" агентлагийн Содтуяа багш нь Бэй Аэриагийн хүүхдүүдэд гоозүйн хичээл зааж эхлэхэд мөн л хамгийн түрүүнд бүртгүүлж байсан. Сүүлийн жилүүдэд Бэй Ариа орчимд болж байгаа соёл урлагийн бүхий л арга хэмжээнд ая дуу, уран бүжиг, төгөлдөр хуур, хувцас загварын үзүүлбэр гээд төрөл болгоноор манлайлан оролцож байна. Эдний гэр бүл охиноо дэмжиж, зөв сайхан өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ монголынхоо соёл урлагт ямар их хүндэтгэлтэй ханддаг, монголчуудынхаа үүсгэл санаачлагыг хэрхэн байнга дэмжиж байдгийг энэ бүхнээс харж болно.

Энд хүүхдүүдийг сайхан дэмжээд өв тэгш өсгөн хүмүүжүүлэх боломж бүрэн бий. Хэдий гадаадад ч гэлээ яруу монгол хэлтэй, монгол соёлтой, сэтгэхүйтэй, сэтгэлтэй монгол хүнийг өсгөх боломж бий. Арав гаруйхан настай ч олон сайхныг хийж бүтээж, хөдөлмөрлөж яваа охины жишээ үүнийг харуулж байна.

Агиймаа минь, өндөр болж, бүр өндөрт мандаарай. Монголын соёл урлагт өвөө шигээ гялалзаарай. Амжилтын дээдийг ерөөе.

БАМХ

"Америкийн баруун эргийн монголчуудын баяр наадам: Хүүхдийн гар зургийн уралдаан"

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадам, Бэй Аэриагийн монголчуудын хорин хоёр дахь удаагийн баяр наадамд зориулсан хүүхдийн гар зургийн уралдааныг Сан Франциско хотын "Гэрлийн өргөө" байгууллагын авьяаслаг залуус гурав дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Нийт долоо дахь жилдээ зохион байгуулж буй хүүхдийн гар зургийн уралдаанд энэ удаа 4-15 насны 28 уран бүтээл ирснээс 9 хүүхдийн бүтээлийг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулжээ. Мөн уралдаанд бүтээлээ ирүүлсэн хүүхэд бүрийг гарын бэлгээр урамшуулсан байна. Хүүхдүүдийн оролцоо болон бүтээлийн чанар энэ жил эрс сайжирсан байлаа. Бүх бүтээлээр наадмын талбайд үзэсгэлэн гаргаж сурталчилсан нь наадмын талбайд өнгө нэмж, үзэсгэлэнгийн асраар хөл хөдөлгөөн ихтэй, үзэгчид хүүхдүүдийн бүтээлийг өндрөөр үнэлж бахархаж байлаа.

Ахлах насны ангилалд чөлөөт сэдвээр :

1-р байранд 15 настай А.Үжин

2-р байранд 15 настай Батжаргалын Номин

3-р байранд 14 настай Банзрагчийн Цогтөгөлдөр

Дунд насны ангилалд “Миний хайртай үлгэрийн баатрууд” сэдвээр:

1-р байранд 10 настай Сайнбаярын Мишээл

2-р байранд 11 настай Банзрагчийн Цолмон

3-р байранд 10 настай Сүхбаатарын Юмжин

Бага насны ангилалд “Миний хайртай амьтад” сэдвээр:

1-р байранд 5 настай Батжаргалын Амирлан

2-р байранд 6 настай Рагчаагийн Баяр

3-р байранд 9 настай Түвшинбаярын Мөнх-Аз нар шалгарлаа.

Баяр наадамд зориулсан хүүхдийн гар зургийн уралдааныг ивээн тэтгэх хандивыг босгож, амжилттай зохион байгуулан, сайхан үзэсгэлэн гаргаж, хүүхэд багачуудынхаа авьяас билгийг нээн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан "Гэрлийн өргөө" байгууллагын хамт олон, Б.Өлзийсайхан, Б.Сүхээ, Үүрцайх нарын уран бүтээлч залуустаа халуун талархал илэрхийлье. Мөн шагналын санг ивээн тэтгэсэн үсчин Сан Франциско хотын П.Сэлэнгэ, Б.Сэргэлэн, Оакланд хотын Б.Гэрэлмаа, М.Сувдмаа, Ж.Ундрам, Чикаго хотын Н.Төгсбат, Д.Туул, Сиатл хотын Л.Мярмарсүрэн, Б.Төмөрхуяг нартаа маш их баярлалаа.

Монгол наадмын босоо цагаан хийморь ивээх болтугай.

БАМХ

Баяр наадмын комисс

2019 он

(Гэрэл зургийг МУСТА Э.Эрдэнэбаяр, Б.Өлзийсайхан, Ц.Батсоёмбо)

"Америкийн баруун эргийн монголчуудын баяр наадам"

Хурдан дааганы уралдаан

Баяр наадмын хамгийн үзүүштэй, өхөөрдмөөр, эрч хүчтэй, өрсөлдөөн ихтэй тэмцээн бол хурдан дааганы уралдаан билээ. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадам, Бэй Аэриагийн монголчуудын хорин хоёр дахь удаагийн наадамд тоосоо өргөхөөр ирсэн газар, газрын хурдан “дааганууд” гарааны зурхай дээр байраа эзлэхэд морины комиссын Б.Улаанаа, Б.Болор нар тусгай зааварчилгаа өгсний эцэст “дааганууд” жирийлээ. “Цолмон хүү мэрийхээрээ мэрийнэ. Цоохор даага жирийхээрээ жирийнэ” гэж хэлж дуусаагүй байхад айргийн таван “даага” барианд оров. Төд удалгүй баян ходоодны “даага” ч тодорлоо.

Энэ жилийн наадмын хурдан дааганы уралдаанд 60 гаруй даага тоосоо өргөж, шандас сорьсноос Батхишигийн Сайнбаяр түрүүлж, Пүрэвдоржийн Маргад аман хүзүүдэж, Оргилмөнхийн Эдди гуравт, Энхбаярын Энхтүшиг дөрөвт хурдалжээ. Мөнхийн Мөнх-Энэрэл, Баатарцогтын Ялгуунсаран нар энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай боллоо. Хурдан дааганы айргийн таван байрны шагналыг даасаар уламжлал тогтоож байгаа Мораго хотын Улаанаа, Болроо нарын гэр бүлд, баян ходоодны шагналыг олон жил дааж байгаа Аламеда хотын Болортоль, Х.Болорчимэг нарын гэр бүлд, уралдсан бүх хүүхдэд ундаа, чипс авч өгсөн Сан Франциско хотын Ч.Эрдэнэбаатар, Д.Мядагмаа нарын гэр бүлд наадамчин олныхоо өмнөөс гүн талархал илэрхийлье.

Хурдан дааганы уралдааныг олон жил маргаангүй, амжилттай зохион байгуулж байгаа Б.Улаанаа ахлагчтай хурдан морины комиссынхонд маш их баярлалаа..

Монгол хүүхдийн хөл хурдан, хийморь өөдөө байг.

БАМХ

Баяр наадмын комисс

2019 он

(Гэрэл зургийг МУСТА Э.Эрдэнэбаяр, Б.Батбямба)