АЖИА ГЭГЭЭНИЙ ӨДӨРЛӨГ

АНУ-ын Сан Франциско хот орчмын монголчууд шинэ жилийн уур амьсгал орж эхэлж байхтай зэрэгцэн, нэгэн буянтай үйлсэд бас дахин гар, сэтгэл нэгдлээ. Ажаа гэгээнтний санаачлагаар хэрэгжүүлж буй хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн төслийг дэмжин, Ажаа гэгээнтний төрийн дээд шагнал Алтан гадас одонг мялааж, түүний 65 насны ойд хүндэтгэл үзүүлэх ажиллагааг Бэй ареагийн монголчууд хамтран, амжилттай зохион байгууллаа. 2014 оны 12-р сарын 14-нд Калифорн мужийн үзэсгэлэнт байгалийн буйдхан чөлөөнд орших Милл валлей хэмээх хотын олон нийтийн саруул танхимд болсон уг ажиллагааны байр, хоол, урлагийн тоглолт, бүхий л урсгал зардлыг Бэй ареад үйл ажиллагаа явуулдаг монгол, америк олон нийтийн байгууллагууд, хувь хүмүүс хамтран шийдэж, ёслолын ажиллагаанаас босгосон нийт орлого 16635 долларыг Ажаа гэгээнтний эмнэлгийн төсөлд хандивлалаа. Бэй ареагийн монголчууд жилийн өмнө бас ийм хандивын өдөрлөг зохион байгуулж, 25000 гаруй доллар босгон, хандивлаж байсан бахархам амжилттай билээ. Хандивын ажиллагааны үеэр “Замдаан” сэтгүүлийн эрхлэгч Цэрэндорж эмнэлгийн төслийг танилцуулж, “Намуун зэт” продакшны газар дээрээс нь хийсэн видео сурвалжлагыг үзүүлэн сурталчиллаа. Дуудлага худалдаа хөгжилтэй, үр бүтээлтэй болсон ба уран сийлбэрч Ганболдын бүтээл сийлбэртэй модон цаг, сэтгүүлч Эрдэнэбаярын хандивласан фото зураг, уран бүсгүй Пүүжээгийн урласан ноолууран хүрэм зэрэг бүтээл чамгүй үнэ хүрч, нийлээд 1000 гаруй долларын хандив босголоо. Мөн Алтан гадас одонг нь мялааж, Ажаа гэгээнтэнд БАМХ-оос гарын бэлэг, дурсгалын зүйл өргөв. Ажаа Гэгээнтэн үг хэлж, хандив өргөж буй дэмжигчиддээ талархсанаа илэрхийлээд төслийнхөө ажлын явцыг товч танилцууллаа. Эмнэлгийн барилгын нийт өртөг 4,1 тэрбум төгрөг, 4600 м2 талбайг багтаасан, 7 давхар, хамгийн сүүлийн үеийн дүрслэл, оношлогооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лаборатори эмнэлэг бөгөөд 2014 оны 8-р сард нээлтээ хийж, эхний байдлаар ашиглалтад оржээ. Нярайн эрчимт эмчилгээний 25 ортой тасаг, хэвтэн эмчлүүлэгчдийн 50 тусгай ортой тасаг, гадаадын орнуудын нарийн мэргэжлийн 14 эмчийн байрлах өрөө бүхий энэ эмнэлэгт цусны эмгэг, хорт хавдар, зүрхний эмгэгтэй, 3-5 жил хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүд, тэдний сахиурт эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор үзүүлэх юм. Хоёр удаагийн хандивын ажлыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлж, хамтран зохион байгуулсан Монгол Улсаас Сан франциско хотод суугаа Ерөнхий консулын газар, Оакланд хот дахь хүүхдийн “Гэр” төв, Америк дахь монгол оюутан залуусын холбоод, Сакраменто хотын бурхан шашны “Занабазар” төв, Сакраменто хотын монголчуудын холбоо, Оакланд хот дахь монгол хоолны газар, Бөмбөөлэй монгол хоолны газар, Ричмонд хот дахь “Евроазиа” хоолны газар, “Мико” хоолны газар, монгол урлагийн сайхан тоглолтоор цугласан олныг баясгасан хүүхдийн “Гэр” төвийн хамт олон, авъяаслаг хүүхдүүд, багш Батзориг, Төмөрчөдөр нар, МУСТА, дуучин Өнөрбаатар, МУСТА, уран нугарагч Сэрчмаа, хандив босгох ажилд манлайлан оролцсон Оакланд хот дахь Тоёота компанийн ажилтан Одончимэг, Сан Франциско хотод хими цэвэрлэгээний бизнес эрхэлдэг Эрдэнэбаатар, Мэндбаяр, Мөнхбаяр, Сан Рамон хот дахь Мерседес Бенз компанийн ажилтан Амаржаргал, мөн Оакландын Болдсүхийн гэр бүл, Ариунзаяат, Берклигийн Чулуунсүхийн гэр бүл, Пало Алтогийн Энхбатын гэр бүл, Сан Франциско хотын Алтантуяа, Новато хотын Наранчимэг, Мораго хотын Эрдэнэбаярын гэр бүлд тус ажиллагааг зохион байгуулсан Бэй ареагийн монголчуудын холбооны хамт олноос талархал илэрхийлж, ажил, хөдөлмөрийн өндөр амжилт хүсч байна. Гадаадад суугаа монголчууд маань эх орондоо болж буй бодит бүтээн байгуулалтад ийнхүү сэтгэл, зүрхээ нэгтгэлээ. Бэй ареагийн монголчууд буянтай сайхан хандивын ажлаар 2014 оноо үдэж, 2015 оноо угтаж байна. Төслийн санхүүжилтийн ажил дуусаагүй тул сайн санаат монголчууд, гадаадынхан, төр, олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийн компани, аж ахуйг энэ буянтай сайхан үйлсэд нэгдэхийг америкт суугаа монголчууд уриалж байна.