THE GREEN-EYED LAMA НОМЫН УУЛЗАЛТ

2019 оны 1-р сарын 12-ны 11 цагт Бямба гаригт Бэй Аэриагийн Монголчуудын Холбооны Соёлын төвийн байранд Ц.Оюунгэрэл, Жэффри Л Фолт нар "The Green-Eyed Lama” номоо танилцуулан, уншигчидтай уулзалт хийв. Тус арга хэмжээг БАМХ-ын УЗГ Ю.Ариунзаяат гарданзохион байгуулав. Энэ арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн хүмүүс зохиогчдын гарын үсэг бүхий номыг худалдан авлаа. Ц.Оюунгэрэл “Ногоон нүдэн лам”, “Жаран цагаан хонь”, “Миний но хау”, “Америкт сурсан тэмдэглэл”, зэрэг номнуудыг бичиж, нөхрийн хамт бичсэн "Ногоон нүдэн лам" номоо 2017 онд франц хэлэнд, 2018 онд англи хэлэнд орчуулан гаргасан билээ. Саяхнаас түүний "The Green-Eyed Lama” ном Amazon дээр худалдагдаж эхлээд байна. Станфордын их сургуульд 2004-5 онд сурах Ц.Оуюнгэрэлийн сургалтын зардлыг босгох сайн үйлийн аяныг Жэффри Л Фолт, Ш.Баатар нар гардан хийсэн билээ. Ц.Оюунгэрэл нь Соёлын яамны сайд байхдаа Бэй Аэриад амьдран суугаа олон сайхан урлагийнхныг дэмжиж, СТА болгож байсан түүхтэй.

 Ё.БААТАРБИЛЭГ САЙДЫН УУЛЗАЛТ

2019 оны 12-р сарын 8-нд БАМХ-ны Соёлн тавийн байранд МУ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй албаны хүмүүс холбооны удирдлага, иргэдийн тѳлѳѳлѳлтэй чѳлѳѳт уулзалт хийлээ. Уулзалтад Бэй Аэриа орчимд соёл, спорт, олон нийт, боловсролын үйл ажиллагаа явуулдаг монголчуудын байгууллага, клуб, хамт олны төлөөллүүд оролцож, хийсэн ажлаа танилцуулан, тулгардаг бэрхшээл, гарах арга замууд, төр ба олон нийтийн байгууллагууд хамтран ажиллах боломжийн талаар чөлөөтэй ярилцан, саналаа солилцов. Уулзалтын үеэр БАМХ-ны тэргүүн Ц.Батсоёмбо БАМХ-ны олон талт үйл ажиллагаа, хэрэгжүүлж ирсэн ажлын чиглэлүүд, цаашдын зорилго, мөн гадаадад буй олон нийтийн байгууллагууд улсынхаа боловсрол, соёл урлаг, спорт, гадаад сурталчилгааны чиглэлд хамтран ажиллах ямар боломжууд байгаа талаар санал бодлоо илэрхийлэв. Хүүхдийн "Гэр" төвийг төлөөлөн багш Б.Алтанзаяа ажлаа танилцуулж, гадаадад байгаа хүүхдүүдийн монгол хэлний боловсрол, сурах бичгийн асуудлын талаар, "Монгол филмс", "Монгол уран нугаралтын төв"-ийг төлөөлөн Н.Цогтбаяр хийж буй ажлаа танилцуулж, монгол киног америкийн зах зээлд гаргах, монгол киноны өдрүүд зохион байгуулах тухай, "Даша дожо" дэвжээний Д.Дашмягмар, үндэсний бөхчүүдийн төлөөлөл аймгийн арслан А.Болдсүх, сагсан бөмбөгчдийн төлөөлөл, спортын мастер Н.Ичинхорлоо, гар бөмбөгчдийн төлөөлөл П.Сэлэнгэ нар гадаадад буй монголчуудын спортын арга хэмжээ, бэлтгэл сургалтын талаар танилцуулан, чөлөөтэй ярилцав. Монгол Улсын Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Гадаад харилцааны яамнаас зохион байгуулдаг “Миний Монгол наадам” арга хэмжээнд БАМХ жил бүр амжилттай оролцож ирсэн бөгөөд 2019 онд дэд байрт шалгарсныг батламжилсан Батламжийг сайд Ё.Баатарбилэг хүндэтгэлтэйгээр гардуулан, улам их амжилт хүсч, баяр хүргэлээ. Мөн АНУ-д сурч, амьдарч буй иргэдийн хүүхэд багачуудад Монгол үндэстний ѳв, соёлыг танин мэдүүлэх үйлст үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа морин хуурын багш Б.Нямдоржийг Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын жуух бичгээр шагнав.Бидний хүсэлтийг хүлээн авч, монголчуудынхаа засварлан тохижуулж, байнгын үйл ажиллагаатай байлгахыг зорин ажиллаж буй "Монголын соёлын төв"-өөр АНУ-д хийж байгаа ажлын айлчлалынхаа зав боломжоор саатан морилсон эрхэм сайд болон албаны бусад хүмүүс, бидний хүсэлтийг дамжуулан энэхүү уулзалтыг зохион байгуулахад чин сэтгэлээсээ тусласан ЕКГ-ын хамт олонд гүн талархал илэрхийлье.

ШУДАРГА ЖУРАМ МЕДИАЛ ГАРДУУЛАВ

Одоогоос жилийн өмнө 2018 оны 7-р сарын 3-нд Буянжаргал овогтой Жаргалмаа, Бахад овогтой Ариун-Учрал, Бат-Очир овогтой Лхагвадорж нар авхаалж самбаа, эр зоригоороо усны аюулаас хүний алтан амь аварч, баатарлаг үйлсийн эзэд болсон билээ. Жилийн дараа тэдний сайн үйлсийг эргэн дурсахад бахтай байна. Энэ хугацаанд хүүхдүүд маань БАМХ-ны тодорхойлсноор, Сан Франциско хотын ЕКГ-ын дэмжлэгээр, МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар МУ-ын иргэнд олгодог баатарлаг сайн үйлсийн дээд шагнал "Шударга журам" медалиар энгэрээ мялааж, мөнхөд дуурсагдах сайн үйлстнүүдийн жагсаалтад алдар нэрээ мөнхөллөө. Дуудах нэрийг аав ээж өгнө, дуурсах алдрыг өөрөө бүтээнэ гэдэг энэ буюу.

Буянжаргал овогтой Жаргалмаа. АНУ-ын Калифорни мужийн Аламеда хот дахь “Академи оф Аламеда” дунд сургуульд онц сурдаг. Бэй Аэриа орчмын монголчуудын дунд зохиогдож буй олон нийт, сургалт, урлаг, спортын арга хэмжээнд байнга идэвхтэй оролцдог. Мөн сайн дурын ажилд манлайлан зүтгэдэг үлгэр жишээч сурагч юм. Гар бөмбөгийн спортоор хичээллэж, олон уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож, өсөх ирээдүйтэй тамирчин болохоо харуулаад байна. Америкийн болон Хойд Калифорнийн өсвөрийн гар бөмбөгчдийн шигшээ багт шалгаран тэнцсэн анхны монгол охин юм. Жаргалмаа чөлөөт цагаараа төгөлдөр хуур, хийл хөгжим тоглох, ном унших, зураг зурах, усанд сэлэх дуртай.

Бахад овогтой Ариун-Учрал. АНУ-ын Калифорни мужийн Даунтаун чартер академийн сурагч. 3 жил дараалан сургуулийнхаа шилдэг сурагчаар шалгарсан. Гар бөмбөгийн спортоор хичээллэдэг бөгөөд өсөх ирээдүйтэй тамирчин болохоо хэдийн харуулж, 2018 оны “Адидас Уинди сити Чикаго” тэмцээнээс алт, “Гёрлз пауэр лиги” аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, “Рэд рок рэйв жуниор нэйшнл” тэмцээнээс хүрэл медаль хүртжээ. Бэй Аэриа орчмын монголчууд дунд зохиогдож буй олон нийт, сургалт, урлаг, спортын арга хэмжээнд байнга идэвхтэй оролцдог. Мөн сайн дурын ажилд манлайлан зүтгэдэг үлгэр жишээч сурагч. Жишээлбэл Бэй Аэриагийн Монголчуудын баяр наадмын үеэр хандивын худалдаа зохион байгуулж, наадмын зардалд өөрийн гэсэн маш том хувь нэмэр оруулсаар ирсэн.

Болсон явдал: 2018 оны 7-р сарын 3-нд өөрсдийн оршин суудаг орон сууцны ойролцоох усан санд найзууд тоглож байсан. Тэднийг харгалзан тоглуулж байсан Ариун-Учралын ээж иргэн П.Сарнай усан сангийн ирмэг дээрх эрэгтэй хүний аврал эрсэн дууг сонссон. Живж буй хүн эхлээд ажиглагдаагүй бөгөөд өөр хүмүүс тайвнаар сэлж, тоглосоор байсан. Гэхдээ тэд усан сангийн хамгийн гүнзгий ёроолд хүн байгааг мэдэж, туслахаар шийдэн, яаралтай арга хэмжээ авсан. Хүүхдүүд ээжийнхээ заавраар хоорондоо холбогдон гинжин хэлхээ үүсгэж, удаа дараа ус руу үсрэн , олон дахин оролдсоны эцэст усанд живээд нэлээд хэдэн минут болоод байсан эмэгтэйг эрэг дээр амжилттай гаргажээ. Иргэн П.Сарнай түргэн тусламж дуудах хооронд бусад хүмүүс залуу бүсгүйд хиймэл амьсгал хийх, усыг гаргах зэргээр яаралтай тусламж үзүүлсэн байна. Усны аюулаас аврагдсан эмэгтэй нь АНУ-д түр хугацаагаар ирсэн Монгол улсын иргэн байсан бөгөөд эмнэлэгт хэд хоног эмчлүүлэн бүрэн эдгэрээд гарсан. Усанд живсэний дараа ийнхүү хурдан хугацаанд бүрэн эдгэрсний үндэс нь түүнийг уснаас боломжит байдлаар хурдан гаргасан, хиймэл амьсгал хийсэн, залгисан усыг биеэс нь гадагшлуулсан явдал гэж эмч нар дүгнэжээ. Эмнэлгийн болон цагдаагийн газраас албан ёсны дүгнэлт, баримт бичгүүд үйлдсэн. Мөн Америкийн орон нутгийн сонингууд, ABC гэх мэт телевизийн сувгууд болсон явдлын талаар сурвалжилж, сайн үйлсийн эздийн талаар дэлгэрэнгүй мэдээлсэн.

"Шударга журам"-ын эзэддээ халуун баяр хүргэж, ажил амьдралын зам нь гэгээ гэрэлтэй гялалзаж явахын ерөөл өргөе. Үр хүүхдүүдээ зөв сайхан өсгөн хүмүүжүүлж буй аав Бат-Очир, Бахад, Буянжаргал, ээж Даваахүү, Сарнай, Байгальмаа нарт талархлаа илэрхийлье.

АНУ байгуулагдсан баярын өдөр, мөн сайн үйл тохиосны нэг жилийн ойн дээр энэ бүхнийг эргэн санаж, эмхэтгэн бичихэд таатай бөгөөд АНУ-д болон Бэй Аэриад аж төрж буй нийт монголчууддаа баярын мэнд хүргэхийн ялдамд эдгээр хүүхдийн сайн үйлсийг мэдээлэх, алдаршуулах, урам зориг өгөх, үйлдсэн гавьяаг нь зүй ёсоор үнэлүүлэхэд хувь нэмрээ оруулсан бүх хүнд талархлаа илэрхийлье. Сайн үйлс зүг бүрт дэлгэрэх болтугай.

БАМХ