2016 ОНЫ ЦАГААН САР

Photos by Shirchin Baatar & Tsoodol Altantuya

Бэй Аэриагийн болон зэргэлдээ хотын монголчууд бид 2016 оны 2-р сарын 9-нд Аламеда хотын Элкс лаунж төвд сар шинийн нэгдсэн золголтоо зохион байгуулж, ахмад буурлуудаа хүндэтгэн, тохой өргөн золгож, шинэ жилээ амжилт бүтээлээр дүүрэн галтай цогтой угтлаа. БАМХ-ны тэргүүн Ц.Батсоёмбо цагаан сарын ажиллагааг нээж, хуран цугласан олны амар амгаланг айлтган, товч үг хэлэхдээ олон жилийн турш Бэй Аэриагийн монголчуудын соёл, урлагийн үйл ажиллагааг Оакланд хот дахь Ажаа гэгээний төвд хийдэг байсан нь оюуны чухал хөрөнгө оруулалт байсныг дурдаад, тийм сайхан боломжоор хангаж байсан Ажаа гэгээн болон Гэгээнтний тэргүүлдэг Төвд, Монголын шашин, соёлын төвийн Удирдах зөвлөлд гүн талархал илэрхийлээд талархлыг албан ёсоор дамжуулж өгөхийг БАМХ-ны болон ТМШС-ын төвийн удирдах зөвлөлийн гишүүн, Ажаа Гэгээний шадар анд доктор Ш.Баатараас хүсэв. Дараа нь Монгол Улсаас Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгч ноён Баярхүү настан буурлууд, хуран цугласан олонд сар шинийн мэнд хүргэж, сайн сайхны ерөөл дэвшүүллээ. Уламжлал ёсоор Сакраменто хот дахь Бурхан шашны Занабазар төвийн гавж Дамчаабазар, Аламеда хотын Гомбодорж (Дашчойлин хийдийн), Оакланд хотын Эрдэнэчулуун (Тэчинчойнхорлин хийдийн) нарын лам нар сүсэгтэн олонд ерөөл айлдан, даллага авахуулсны дараа хуран цугласан олон түмнээрээ настан буурлуудыг хүндлэн, алд цэнхэр хадгаа дэлгэн, амар мэндийг нь асуун золгов. Хүүхэд багачууд маань аав ээжээ даган, золгох, хүндлэх монгол сайхан ёс заншлаасаа суралцлаа. Дараа нь бүгдээрээ идээ будаа алаглуулан өрсөн хүндэтгэлийн ширээнд суун цайлцгаав. МУСТА хөгжимчин Ц.Төмөрчөдөр ёслолын ажиллагааг бүхэлд нь хөтлөн, урлагийн тоглолтыг зохион байгуулав. МУСТА, шанз хөгжимчин П.Туул, МУСТА, лимбэчин Ц.Төмөрчөдөр, морин хуурч Нямдорж болон МУСТА, уран нугараач Сэрчмаа багшийн шавь нар, “Mongolian Contortion” төвийн бяцхан уран нугараачид цагаан сарын шинийн нэгний билэгт сайхан өдрийг авъяас билгээрээ мялаасан юм. МУСТА Батзориг багшийн шавь нар, Гэр төвийн сурагч Болдсүхийн Саруул “Мянгад” бүжиг, Гомбодоржийн Энэрэл “Үелзүүр” бүжиг бүжиж, өвөө, эмээ, ах, эгч, найз нөхдийнхөө мэлмийг баясгасан бол чөлөөт бөхийн ОУ-ын хэмжээний мастер, аймгийн арслан, Бэй Аэриагийн наадмын 6 удаагийн аварга А.Болдсүх “Малчин заяа”, монгол шагай харвааны улсын гоц мэргэн Ганболд “Буянт гол”, Говь-Алтай аймгийн уугуул, аймгийн арслан Эрдэнэбаяр уртын сайхан дуу, уран зохиолын “АМУЗ” нэгдлийн уран бүтээлч Байгалаа “Цагаан сар” дуугаар ая барьж, олны сонорыг мялаалаа. Байгалаагийн зохион байгуулж, бэлдсэн бяцхан хүүхдүүдийн монгол дээл, хувцасны шоу үзүүлбэр сонирхолтой сайхан болж, хурсан олныг баясган, өхөөрдөм хөөрхөн үрс маань монголоороо гоёлоо. Байгалаа эгч нь гоё дээл, хувцсыг нь мялаан, хүүхэд бүрт хувиасаа киноны тасалбар бэлэглэлээ. Нийт уран бүтээлчиддээ талархсанаа илэрхийлж, урлагийн өндөр амжилт хүсэн ерөөе. БАМХ-ны УЗ-ын шийдвэрээр улиран одож буй хонин жилд амжилт бүтээлээр дүүрэн байж, бусдыгаа үлгэрлэн хошуучилсан зарим хүнийг шагнан урамшуулсны дотор Оакланд хотын Тоёота компанийн ажилтан П.Одончимэгийг Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хүндэт өргөмжлөлөөр шагнасныг гардуулав. Олон монголчуудаа ажлын байраар ханган, Америкийн бизнесийн өрсөлдөөнд Монгол гэдэг нэрийг өндөрт өргөж, гялалзсан амжилттай ажиллахын зэрэгцээ олон нийтийн байгууллагуудын сайн санааны үйл ажиллагааг тогтмол дэмждэг Сан Франциско хотын Ч.Эрдэнэбаатар захиралтай Uptown хими цэвэрлэгээний газрын хамт олныг хонин жилийн шилдэг бизнесийн байгууллагаар шалгаруулан урамшуулж, өргөмжлөл, тууз, тусгай шагналыг Эрдэнэбаатарын гэргий Д.Мядагмаад гардууллаа. Мөн олон буурай цуглан, насны буян хурсан билэгт сайн энэ өдөр БАМХ-ны тулгын чулууг тавьж, галыг асаан, өдий олон жил удирдан зохион байгуулж, олны төлөө цаг зав, сэтгэлээ зориулж яваа Ш.Баатар, Д.Лувсанжамбаа нарын 50 насны ойг хүндэтгэн, БАМХ-ны хүндэт өргөмжлөлийг алд цэнхэр хадгийн хамт өргөн барилаа. Өвөрхангай аймгийн уугуул, 85 насыг зооглож буй Д.Цоодол гуай, Ховд аймгийн уугуул, улсын манлай заан Д.Мягмар гуай нар ахмадуудаа төлөөлөн, сар шинийн мэнд хүргэж, сургаалиа айлдан, сайн сайхны ерөөл өргөлөө. Залуучууд өвгөн буурал насыг зооглон, үр хүүхдүүдээ тойруулан жаргаж суугаа Д.Цоодол өвөө, Д.Мягмар зааны цээжнээс урсан гарах ерөөлийн сайхан үгсийг шимтэн сонсч, монгол өвгөдийн мэргэн ухааныг биширсэн нь дамжиггүй. Дараа нь ахмад буурлууд ээлж дараалан ая дууны мэндчилгээ дэвшүүлж, хөөр хөгжөөн нэмлээ. Цагаан сарын хүндэтгэлийн энэ арга хэмжээнд Баатар, Лувсанжамбаа, Хишигбаяр, Буянжаргал, Наранчимэг, Алтантуяа, Ариунзаяат, Цолмон, Төмөрбаатар, Болдсүх, Эрдэнэбаяр, Түмэндэмбэрэл, Саранчимэг, Лувсанжамбаа (Жана), Сараа, Энхтуяа, Байгалаа, Золзаяа, Одончимэг, Отгонцэцэг, Хандаа, Туяа, Сарнай, Нандин-Эрдэнэ нарын олон хүн цаг зав, билэг оюун, хүч хөдөлмөрөө зориулсныг энд зориуд дурдах нь зүйтэй. Мөн Бэй Аэриагийн багачууддаа зориулан, 108 шагай монголоос сэтгэл гарган, илгээсэн Энхбат, Сайнтуяа нарын гэр бүл, амттай сайхан нийслэл салат хийж хандивласан Оакландын “Asian grill” монгол хоолны газрын Нараа, битүүлэгний шүүс махыг чанаж тусласан Оакландын “Dolma’s deli” цайны газрын Ц.Цог, Ариунаа нартаа тусгайлан талархал илэрхийлье. Гар бие оролцон, туслаж, дэмжсэн бүх хүнд эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсье.

Цагаан сарын нэгдсэн золголтыг зохион байгуулахад олон байгууллага, хүмүүс өглөг буяны гараа сунгаж, дэмжлэг үзүүллээ. Үүнд:

1. Ш.Баатар, Ц.Алтантуяа (San Francisco) 100$

2. Ахмад сэтгүүлч Б.Лхагва (Walnut Greek) 100$

3. Арга хэмжээний байрны түрээсийн төлбөрт зориулан Батмөнх, Л.Цолмон нарын гэр бүл (Milbrae) 300$, 3 шил "Соёмбо" архи

4. Бурхан шашны Занабазар төв 60$, 40 ширхэг хадаг

5. М.Сувдмаа (Berkeley) 100$

6. Ч.Эрдэнэбаатар, Д.Мядагмаа нарын гэр бүл (San Francisco) 200$

7. М.Чинбаатар, Гэрэлмаа нарын гэр бүл (Walnut Greek) 100$

8. Ц.Төмөрчөдөр, П.Туул нарын гэр бүл (San Francisco) 200$

9. С.Оюунгэрэл, Ральфийн гэр бүл (Milpitas) гол идээний орой, боорцог, хайлмаг, ааруул, бяслаг (50 долларын үнэ бүхий)

10. О.Мөнхсаруул (San Francisco) 60$

11. Монгол урлаг, соёлын "Монгол сан" (Berkeley) 200$

12. Ахмадууддаа зориулан Бид монгол компаниас 1000 долларын үнэ бүхий ачаа явуулах эрхийн бичиг

13. Өндөр настан Нарантуяа охин Гиймаагийн хамт (Sacramento) 50$, өөрийн гараар хольсон тос, бэрээс

14. Ю.Ариунзаяат (Oakland) 50 долларын үнэ бүхий үхрийн өвчүүний махан зууш

15. О.Солонго (Oakland) 50$

16. Оюумаа (Oakland) 50$

17. Ахмадууддаа зориулан Англофрейт компанийн Мөнчгөр, Оюунаа нараас 500 долларын үнэ бүхий ачаа явуулах эрхийн бичиг

18. Let's jam кафе, Ариун-Эрдэнэ, Чимгээ нар өөрсдийн исгэсэн 2 галлон айраг (60 долларын үнэ бүхий)

19. Буян-Урт, Эрдэнэчимэг нарын гэр бүл (Аlameda) 40$

20. Ч.Тогтохжав, Рэнцэнноров нарын гэр бүл (Concord) 50$

21. Дуучин Өнөрбаатарын гэр бүл (Alameda) 100$

22. Байгалаа (Alameda) халуун аарц (60$ үнэ бүхий), гоё дээл, хувцсаараа гангаран, загвар үзүүлсэн 10 хүүхдийг шагнах киноны тасалбар

23. Өндөр настан Цэвэлсүрэн 20$, бэрээс

24. Энхтуяа (San Ramon) 60$

Өлзий буяны билэгдэлтэй цагаан сарын баярыг өглөг буяны сэтгэл дэлгэн угтсан нийт хандивлагчид, сайн дурын ажилтнууддаа баярлалаа. Ийнхүү арван долдугаар жарны гал бичин жилээ Бэй Аэриагийн болон ойролцоох хотын монголчууд амжилт бүтээлээр дүүрэн, золбоо хийморьтой, ёслол төгөлдөр угтан авлаа. Та бүхэндээ БАМХ-ноос сар шинийн мэндийг дахин уламжилж, өлмий бат оршиж, юу санасан ариун хүсэл тань сэтгэлчлэн бүтэж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.