2025 он БАМХ-ны хувьд ажил үйлс арвин, өөдрөг сайхан жил боллоо. Хоёр оны зааг дээр олон нийтийн дунд зохион байгуулсан зарим ажлаа дурдахын ялдамд оролцсон, дэмжсэн, ажилласан бүх хүнд талархлаа илэрхийлье.
Цагаан сар-Бэй Аэриагийн монголчууд билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн хоёрон буюу 2025 оны 3-р сарын 1-нд Албани хотын номын өргөөнд цагаан сараа тэмдэглэж, ахас ихсээ хүндлэн золгож, монгол өв соёл уртын дуу, морин хуур, уран монгол бүжгээрээ ирсэн зочдын оюуныг мялааж, идээ цагаагаа монгол ёсоороо бэлдэн цагаалав.
Цагаан сарын худалдаа, өдөрлөг- Цагаан сарыг угтан, 2025 оны 2-р сарын 15, мөн “Бид монгол” компанитай хамтран 2-р сарын 22-нд үндэсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, жижиг бизнес эрхлэгчдээ дэмжин, монголчуудаа монгол хүнс, ааруул, цагаан идээ, гар урлал, бэлэг дурсгалын зүйлээр ханган, цагаан сарын бэлтгэлд нь туслав. Цагаан сарыг угтсан ажлын хүрээнд 2-р сарын 23-нд Аламеда хотын цэцэрлэгт хүрээлэнд “Урин хавраа урин залъя” өдөрлөгийг зохион байгуулж, худалдаагаар үйлчлэн, монгол бүжгийн тоглолт хийсэн юм.
Ажаа Гэгээнтний уулзалт-2025 оны 4-р сарын 19-нд Бэй Аэриад морилон ирсэн Ажаа Гэгээнтэнд хүндэтгэл үзүүлэх сүсэгтний уулзалтыг Дамчаабазар ламтантай хамтран зохион байгуулж, ном айлтгал өргөв. Сүсэгтэн олон цуглан, Ажаа Гэгээнтний сургаал, буян номын дуу сонсож, даллага авахуулав.
Asian American Heritage month in San Francisco арга хэмжээнд өргөн хүрээтэй оролцов. АНУ-д жил бүрийн 5-р сар бол Ази, Номхон далайн арлаас гаралтай хүмүүсийн соёл, уламжлалыг онцлох сар юм. Сарын ажлын хүрээнд болдог олон чухал арга хэмжээний нэг Сан Франциско хотын Хербст театрт "Олон үндэстнүүдийн гала үзүүлбэр", орой нь хотын захиргааны байранд хүндэтгэлийн арга хэмжээнд ЕКГ, БАМХ бүрэлдэхүүнтэй "Team Mongolia" баг уламжлал ёсоор идэвхтэй оролцлоо.
Баяр наадам - Америкийн баруун эргийн монголчууд сайхан наадлаа. Бэй Аэриа, Сан Франциско орчмын монголчуудын 26 дахь удаагийн баяр наадам Номхон далайн эрэг дэх Аламеда хотын зүлэг ногоон талбайд 2025 оны 7-р сарын 12-ны билэгт сайхан өдөр ёслол төгөлдөр боллоо. БАМХ уламжлал ёсоор олон хүн, байгууллагыг нэгтгэн баяр, наадмын комиссыг бүрэлдүүлж, олон сарын турш бэлтгэл ажлыг ханган, түмнээ сайхан цэнгүүлэх зорилгоо биелүүлж, баяр наадмаа сурталчлан, өв уламжлалаа хүүхэд залуустаа заан сургав.
Гэрэл зурагчин С.Цацралттай уулзалт хийв. Бэй Аэриагийн монголчууд 2025 оны 10-р сарын 26-ны бүтэн сайн өдөр Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газартаа МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн, алдарт гэрэл зурагчин С.Цацралттай уулзаж, халуун дулаан яриа өрнүүлэв. С.Цацралт гэрэл зургийн бүтээлүүдээ дэлгэн үзүүлж, Монголын гэрэл зургийн салбарын үүсэл хөгжил, түүхийн тухай маш сонирхолтой яриа хийлээ.
Хандивын аян - БАМХ хандсан хүн, байгууллага болгонд байгаа боломжоороо тусалж, хамтран ажилладаг. Хүнд байдалд орсон монголчууддаа байнга тусалдаг уламжлал ёсоор төвөнхийн хорт хавдар өвчний оноштойгоор эмчлүүлж буй элэг нэгтэндээ туслах хандивын аян өрнүүлж, нүүрномын дансаар 4,425 цуглуулж, нийтдээ 4,500 долларын тусламж олгосон.
Бичиг, баримтын туслалцаа - 2025 онд цагаачлал, зан байдал болон бусад шалтгаанаар 18 монгол , 2 байгууллагад тодорхойлолт, бичиг баримтны туслалцаа үзүүлэв. Мөн 2025 онд давхардсан тоогоор 30 орчим хүүхэд, залуусыг сайн дурын ажилд хамруулан, сургуульд нь хэрэг болох сайн дурын ажлын тодорхойлолт олгов.
Шинэ жил – БАМХ энэ жил байгууллагынхаа хүрээнд шинэ жилээ тэмдэглэв. Монголчуудын төлөө арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулдаг хүмүүс, олон жилийн турш холбоонд сэтгэл зүтгэлээ зориулж буй сайн дурын ажилтнууд, дэмжигчид, ивээн тэтгэгчдээ урьж, нэгэн оройг хамтдаа өнгөрүүлэв. Мөн энэ шинэ жилийн хөтөлбөрийг хүүхэд, залуусаар бүрдүүлсний дотор хөтлөгч, морин хуурч Гэрэлтнар ээж Болор, төгөлдөр хуурч Тэмүүлэн, хөгжмийн найруулга, тохируулгыг Хакухо, дуучин охид Цэцэнгоо, Сувдмаа, Мишээл нар уран бүтээлийн гараагаа амжилттай эхлүүлж, мөн бүжигчин охид Буянзаяа, М.Эгшиглэн, Болор, Энхрийлэн, И.Эгшиглэн, Болор, Индра, Мичид, Сондор нар багш Амуунаагийнхаа заасан уран бүжгийн дээжээсээ сонирхуулав.
2025 онд зорилго нэгт бусад байгууллага, хамт олонтой хамтарсан ажил
A Taste of Mongolia - 2025 оны 3-р сарын 6-ны өдөр Menlo Park хотын The Park James Hotel-д монгол эх орноо сурталчилсан “A Taste of Mongolia” арга хэмжээнд Амуунаа багш болон шавь нар нь уран бүтээлээ өргөв. Nomadic Expedition компаниас зохион байгуулсан арга хэмжээнд 250 гаруй америк зочин хүрэлцэн ирж, нэгэн үдэш монгол орноор эчнээ аялав.
Буриад зоны золголт - Бэй Аэриа орчимд суугаа буриад түмэн 2025 оны 3-р сарын 9-нд хийсэн цагаан сарынхаа цагаалах ёслолд Бэй Аэриагийн монголчуудын төлөөллийг урин оролцуулав. Бэй Аэриад суугаа монголчуудаа төлөөлөн, БАМХ-ны УЗГ С.Баттулга мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэн, үг хэллээ. Мөн урлагийн авьяастнууд маань буриад зоны цагаалгад хөг нэмэн, урын сангийнхаа дээжийг өргөн барив.
Нүүдлийн соёл өдөрлөг - Laney коллежийн “Монгол оюутны клуб”-аас зохион байгуулсан “Нүүдлийн соёл” өдөрлөг 2025 оны 3-р сарын 13-ны өдөр амжилттай болсон. БАМХ-г төлөөлөн, УЗГ Ю.Ариунзаяат үйл ажиллагааг дэмжин оролцож, нийт оюутнуудад мэндчилгээ дэвшүүлж ажил, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөв.
“Ирээдүйн манлайлагчдын уулзалт”- 2025 оны 4-р сарын 12-нд хүүхэд, залуусын YSOS, MyStem клубын хамтран зохион байгуулсан “Ирээдүйн манлайлагчдын уулзалт”-ын байр талбай, зар сурталчилгааны ажлыг хариуцан хамтран ажилласан ба MyStem клубын үүсгэн байгуулагчдын нэг Т.Рейган, Берклигийн их сургуулийн мастерын түвшний оюутан, “Аmuunaa’s dance” студийн үүсгэн байгуулагчдын нэг, багш З.Амуунаа, Стэнфордын их сургуулийн төгсөгч Б.Хонгорзул нар холбооны хүсэлтээр оролцон, илтгэл тавьж, мэдээлэл туршлагаа хуваалцав.
Анда хамтлаг -Өвөр монголын Анда хамтлагийн ээлжит аялан тоглолт Бэй Аэриа орчмоор амжилттай боллоо. БАМХ үндэс угсаа нэгтэй монгол ахан дүүсийн "Анда" хамтлагийнхантай арав гаруй жилийн тэртээ Бэй Аэриад ирж тоглоход нь эхлүүлсэн нөхөрлөлөө үргэлжлүүлэн, энэ удаа ирэхэд нь мөн зар сурталчилгаанд нь хамтран ажиллаж, монгол соёлыг түгээх үйлсэд нь дэм боллоо.
Pinecone coding уулзалт - 2025 оны 5-р сарын 10-нд Pinecone coding сургалтын төвийн инженерүүд хүүхдүүд, эцэг эхчүүдтэй уулзан, софтвэйр инженерийн салбар, мэргэжлийн чиг баримжаа, кодин сурах гэх мэт өргөн сэдвээр ярилцав.
“Бүжгэн аялгуу” концерт – 2025 оны 5 сарын 16-нд Оакланд хотын Laney college-ийн Odell Johnson Performing Arts Center-ийн тайзнаа Монголоос уригдан ирсэн “AnuMusic Violin Studio” болон БАМХ-ын дэргэдэх “Amuunaa’s Mongolian Dance Studio”-ийн хамтран зохион байгуулсан “БҮЖГЭН АЯЛГУУ” анхны бүрэн хэмжээний тоглолт амжилттай болж, хийл, төгөлдөр хуур, монгол ардын бүжиг хосолсон монгол урлагийн гайхамшигтай үдшийг монголчууддаа бэлэглэв. Авьяаслаг бүжигчин, хөгжимчин хүүхдүүд, аав ээж, багш нар, дэмжигчдээр концерт үзсэн хүн болгон бахдан талархсан билээ.
Бэй Аэриагийн хүүхдийн баяр - 2025 оны 5-р сарийн 31-нд Оакланд хотын Joaquin Miller park-т Бэй Аэриагийн хүүхдийн баяр сайхан болов. Бурхан шашны “Занабазар” төв” манлайлан, БАМХ, хүүхдийн “Гэр төв”-тэй хамтран хүүхэд багачуудаа баярлуулав. БАМХ-ны зүгээс талбайн зөвшөөрөл, даатгалыг хариуцан, мөн Амуунаагийн бүжгийн студийн хүүхдүүд уран бүтээлээ толилуулав.
Лантуун дохион үйл ажиллагааг дэмжсээр – Лантуун дохио ТББ-ын монгол дахь үйл ажиллагааг анхнаас нь дэмжиж, бага боловч сар болгоны хандиваа олон жилийн турш илгээсээр байгаа билээ., цаашид ч дэмжинэ.
Бусад – Монголчуудын төлөө ажиллаж буй бүх байгууллага, хүмүүст өөрсдийн хуудсаар мэдээлэл түгээхээс авахуулаад үйл ажиллагааны туршлага, мэдээлэл хуваалцах, зөвлөх, зуучлах, боломжийн хэрээр ивээн тэтгэх гэх мэт бүхий л байдлаар хамтран ажиллаж, хувьдаа тусламж хүссэн бүх хүнд чин сэтгэлээсээ чадлын хэрээр тусласандаа баяртай байна.
БАМХ-ны ажил, үйлсийг байнга дэмжин тусалж, үнэт цаг, хүч хөдөлмөрөө зориулж байдаг ажилтнууд, УЗГ, сэтгэлээ чилээж байдаг дэмжигчид, ивээн тэтгэгчид болон Бэй Аэриагийн нийт монголчууддаа дахин дахин талархлаа илэрхийлж, шинэ жилийн мэнд хүргэе!
Ирж буй цаг дор монголчууд маань улам өөдлөн дэвжиж, урагшлан хөгжихийн ерөөлийг өргөе!
Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо
