"Америкийн баруун эргийн монголчуудын баяр наадам"

Хурдан дааганы уралдаан

Баяр наадмын хамгийн үзүүштэй, өхөөрдмөөр, эрч хүчтэй, өрсөлдөөн ихтэй тэмцээн бол хурдан дааганы уралдаан билээ. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадам, Бэй Аэриагийн монголчуудын хорин хоёр дахь удаагийн наадамд тоосоо өргөхөөр ирсэн газар, газрын хурдан “дааганууд” гарааны зурхай дээр байраа эзлэхэд морины комиссын Б.Улаанаа, Б.Болор нар тусгай зааварчилгаа өгсний эцэст “дааганууд” жирийлээ. “Цолмон хүү мэрийхээрээ мэрийнэ. Цоохор даага жирийхээрээ жирийнэ” гэж хэлж дуусаагүй байхад айргийн таван “даага” барианд оров. Төд удалгүй баян ходоодны “даага” ч тодорлоо.

Энэ жилийн наадмын хурдан дааганы уралдаанд 60 гаруй даага тоосоо өргөж, шандас сорьсноос Батхишигийн Сайнбаяр түрүүлж, Пүрэвдоржийн Маргад аман хүзүүдэж, Оргилмөнхийн Эдди гуравт, Энхбаярын Энхтүшиг дөрөвт хурдалжээ. Мөнхийн Мөнх-Энэрэл, Баатарцогтын Ялгуунсаран нар энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай боллоо. Хурдан дааганы айргийн таван байрны шагналыг даасаар уламжлал тогтоож байгаа Мораго хотын Улаанаа, Болроо нарын гэр бүлд, баян ходоодны шагналыг олон жил дааж байгаа Аламеда хотын Болортоль, Х.Болорчимэг нарын гэр бүлд, уралдсан бүх хүүхдэд ундаа, чипс авч өгсөн Сан Франциско хотын Ч.Эрдэнэбаатар, Д.Мядагмаа нарын гэр бүлд наадамчин олныхоо өмнөөс гүн талархал илэрхийлье.

Хурдан дааганы уралдааныг олон жил маргаангүй, амжилттай зохион байгуулж байгаа Б.Улаанаа ахлагчтай хурдан морины комиссынхонд маш их баярлалаа..

Монгол хүүхдийн хөл хурдан, хийморь өөдөө байг.

БАМХ

Баяр наадмын комисс

2019 он

(Гэрэл зургийг МУСТА Э.Эрдэнэбаяр, Б.Батбямба)