"Америкийн баруун эргийн Монголчууд уран мэхийг уралдуулан, хүчтэй, бяртай, даацтай сайхан наадлаа."

Хүчит бөхийн барилдаан

Бэй Аэриагийн Монголчуудын 2019 оны баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд аймгийн хурц арслан Г.Ганням, аймгийн начин Батхүү нар үлдэж, уран мэхийг уралдуулан барилдаж, Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, аймгийн хурц арслан Ганболдын Ганням түрүүлж, Өмнөговь аймгийн харьяат, аймгийн начин Батхүү үзүүрлэн, алт, мөнгөн медаль, дурсгалын өргөмжлөл, ивээн тэтгэгчдийн бай шагналаар мялаалгав. Архангай аймгийн харьяат цэргийн начин Доржпаламын Гомбодорж, Архангай аймгийн харьяат сумын заан Гончигжав нар шөвгөрч наадамчин олноо баясгалаа. Вакавил хот дахь Гантулга захиралтай “Уми” хоолны газрын хамт олон 2019 оны баяр наадмын манлай түрүү бөхийг 65 инчийн “Самсунг” зурагтаар, үзүүрлэсэн бөхийг 55 инчийн зурагтаар мялааж баяр хүргэлээ. Монгол соёлыг сурталчилж, үндэсний спортыг ийнхүү дэмжсэнд зохион байгуулагчдын зүгээс “Уми”-гийн хамт олондоо гүн талархал илэрхийлье. Шөвгөрсөн бөхчүүддээ наадмын санд цугласан олон түмний хандивын дээжээс тус бүр 200 долларыг шагнал болгон олголоо.

Хүчит 32 бөх барилдсанаас гурвын давааны зүүний магнайд аймгийн хурц арслан Г.Ганнямын цолыг бөхийн даа А.Болдсүх, барууны магнайд цэргийн начин Д.Гомбодоржийн цолыг олон жилийн туршлагатай засуул Батжаргал нар сайхан дуудлаа.

Аймгийн заан А.Болдсүх, Б.Саранчимэг нарын гэр бүлээс уламжлал ёсоор олгодог уран барилдааны шагнал 250 долларын үнэ бүхий систем хөгжмийг энэ жил Говь-Алтай аймгийн харьяат, сумын начин Б.Базар хүртлээ.

Хүүхдийн барилдааныг энэ жил Беркли дэх “Женко” клубын хамт олон хариуцан зохион байгууллаа.

Хүүхдийн барилдааны бага насны ангилалд Т.Мөрөн түрүүлж, Э.Эрхэс үзүүрлэн, дунд насанд П.Хангай түрүүлж, Б.Мөнхбагана үзүүрлэн, алт, мөнгөн медаль, дурсгалын өргөмжлөл, “Женко” клубын ивээн тэтгэсэн бай шагналыг хүртэв. Хүүхдийн барилдааны ахлах насны ангилалд Э.Билэгт түрүүлж, Э.Оюунмандал үзүүрлэн, "Завхан аймгийн хурц арслан Юнрэнгийн нэрэмжит" бай шагналыг хүртлээ. Энэ шагналыг түүний охин Ю.Ариунзаяат 6 дахь жилдээ ивээн тэтгэж байгаа билээ.

Хүүхдийн барилдаанд Беркли Женко клубын тамирчин хүүхдүүд өндөр амжилт үзүүллээ. “Женко” клубын хамт олон хүүхдийн бөхийн барилдааныг сайхан зохион байгууллаа. Жүдо бөхөөр хичээллэн, сайхан амжилт үзүүлж байгаа баг тамирчдаа баяр наадамд бэлдэж, үндэсний бөхийн мэх, гараа, дэвээ, дэг жаяг, уламжлалыг тусгайлан зааж, баяр наадмаа зохион байгуулалттайгаар дэмжсэн Мөнхбаясгалан багштай "Беркли Женко" бөхийн клубын хамт олонд наадмын комиссын зүгээс талархал илэрхийлье.

Бэй Аэриагийн баяр наадмын бөхчүүдийг олон жил магнайлж байгаа аймгийн арслан Эрдэнэбаяр, бөхийн даагаар ажилласан чөлөөт бөхийн спортын ОУХМ, аймгийн заан А.Болдсүх, хөлийн цэцээр ажилласан ОУХМ С.Мөнгөнхуяг, Отгонбаяр, хөлийн цэцээр ажиллахын зэрэгцээ хүүхдийн барилдааныг зохион байгуулж удирдсан Үнэнбат, засуулаар ажилласан Батхишиг, Базаррагчаа, Баагий, Мөнхбат, бөхийн асрын идээг бэлдэж, хандивласан сумын заан М.Чинбаатар, түүний гэр бүл Гэрэлмаа, давсан бөхийн хишиг боорцог хийж хандивласан залуу бөх Баасанболдын гэргий Мягмарсүрэн, “Бөмбөөлэй бэйкери”-ийн С.Оюунгэрэл, наадмын дараа талбайн ажилд сэтгэл гарган тусалсан сумын начин Б.Базар, залуу бөх Баасанболд, Мөнхбат, Батсаруул нарт наадамчин олныхоо өмнөөс гүн талархал илэрхийлье.

Жаахан байхдаа Бэй Аэриагийн наадмын хүүхдийн барилдаанд тогтмол оролцож, бөхийн гараагаа эхэлсэн Х.Баттөгөлдөр хүү энэ жил улсынхаа наадамд хоёр дахь удаагаа зодоглож, Монгол төрийн есөн хөлт цагаан тугаа нэг тойрсонд халуун баяр хүргэж, цагийг эзэлсэн агуу хүчит аваргын удамт нутгийн уулсаа өндөлзүүлэн дэвэх баяр наадмын манлай болоорой хэмээн цацал өргөе.

БАМХ

Баяр наадмын комисс

2019 он

(Гэрэл зургийг МУСТА Э.Эрдэнэбаяр, Н.Ганчимэг, Батбямба, William Lee, Энхжил нар)