Эцэг эхчүүдийн уулзалт амжилттай сайхан болсон

2023 оны 11-р сарын 18-нд Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газарт болсон эцэг эхчүүдийн уулзалтын үеэр Сан Франциско хотын сургуулиудын захиргаанд мэргэжилтнээр ажиллаж буй Жанцанхорлоо маань Америкийн болон тэр дундаа Калифорнийн бага, дунд, ахлах сургуулиудын төсөв, ирц бүрдэлт, багш нар, эцэг эхчүүдийн үүрэг, юун дээр илүү анхаарах гэх мэтээр ээж аав нарт маш үнэтэй зөвлөгөө өгсөн.

-- Хэлний бэрхшээл, цагаачлалын статус харгалзалгүй хүүхдийнхээ сургуульд асуудлаа танилцуулдаг байх

-- Сургуульд эцэг эхийн оролцоо өндөр байдаг болохоор хүүхдээ сургуульд зөвхөн даатгалгүй, эцэг эхчүүдийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх

Өөр олон хэрэгтэй зөвлөгөө өгсөн Жанцанхорлоогийн илтгэлийн материалыг авах хүсэлтэй бол имэйл хаягаа консул, эсвэл холбооны мэссэнжэрээр илгээж болно.

Уулзалтыг санаачлан зохион байгуулсан ЕКГ-т болон олон үнэтэй мэдээлэл өгсөн Жанцанхорлоодоо талархлаа илэрхийлье.

БАМХ

БОЛОВСРОЛЫН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар, Бэй Аэриа дахь Монголчуудын Холбоотой хамтран Сан Франциско Бэй Аэриа дүүргийн Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа монгол хүүхдүүдийн боловсролын асуудлаар санал солилцох уулзалтыг 2023 оны 11 сарын 18-ны өдөр тус ЕКГ-т зохион байгуулав.

Ерөнхий консул Б.Мөнхбаатар уулзалтын эхэнд хүүхдийнхээ боловсролд санаа тавьж, амралтын өдөр цаг гарган ирсэн бага, дунд, ахлах сургуульд суралцаж буй 20 гаруй сурагчдын эцэг эхэд талархал илэрхийлж, тус ЕКГ-ын үйл ажиллагааг товч танилцуулав.

Уулзалтад Сан Франциско хотын Боловсролын газрын Бодлого төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Д.Жанцанхорол оролцож, тус дүүргийн боловсролын тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, эцэг эхчүүдийн сонирхсон асуултад хариулав.

Сан Франциско хотын сургуулиудын нэгдсэн дүүрэг нь Калифорн мужид 1851 онд байгуулагдсан, тус мужийн долоо дахь том сургуулийн дүүрэг юм. Тус дүүргийн 126 сургуульд 50 мянган сурагч суралцаж байна.