БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ БЭЙ АЭРИАГИЙН МОНГОЛЧУУДТАЙ УУЛЗЛАА

2019 оны 12-р сарын 8-нд МУ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй албаны хүмүүс Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хот орчмын Бэй Аэриагийн Монголчуудын холбооны удирдлагууд, иргэдийн тѳлѳѳлѳлтэй чѳлѳѳт уулзалт хийлээ.

Уулзалтад Бэй Аэриа орчимд соёл, спорт, олон нийт, боловсролын үйл ажиллагаа явуулдаг монголчуудын байгууллага, клуб, хамт олны төлөөллүүд оролцож, хийсэн ажлаа танилцуулан, тулгардаг бэрхшээл, гарах арга замууд, төр ба олон нийтийн байгууллагууд хамтран ажиллах боломжийн талаар чөлөөтэй ярилцан, саналаа солилцов.

Уулзалтын үеэр БАМХ-ны тэргүүн Ц.Батсоёмбо БАМХ-ны олон талт үйл ажиллагаа, хэрэгжүүлж ирсэн ажлын чиглэлүүд, цаашдын зорилго, мөн гадаадад буй олон нийтийн байгууллагууд улсынхаа боловсрол, соёл урлаг, спорт, гадаад сурталчилгааны чиглэлд хамтран ажиллах ямар боломжууд байгаа талаар санал бодлоо илэрхийлэв.

Хүүхдийн "Гэр" төвийг төлөөлөн багш Б.Алтанзаяа ажлаа танилцуулж, гадаадад байгаа хүүхдүүдийн монгол хэлний боловсрол, сурах бичгийн асуудлын талаар, "Монгол филмс", "Монгол уран нугаралтын төв"-ийг төлөөлөн Цогтбаяр хийж буй ажлаа танилцуулж, монгол киног америкийн зах зээлд гаргах, монгол киноны өдрүүд зохион байгуулах тухай, "Даша дожо" дэвжээний Дашмягмар, үндэсний бөхчүүдийн төлөөлөл аймгийн арслан А.Болдсүх, сагсан бөмбөгчдийн төлөөлөл, спортын мастер Ичинхорлоо нар гадаадад байгаа монголчуудын спортын арга хэмжээ, бэлтгэл сургалтын талаар танилцуулан, чөлөөтэй ярилцав.

Монгол Улсын Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Гадаад харилцааны яамнаас зохион байгуулдаг “Миний Монгол наадам” арга хэмжээнд БАМХ жил бүр амжилттай оролцож ирсэн бөгөөд 2019 онд дэд байрт шалгарсныг батламжилсан Батламжийг сайд Ё.Баатарбилэг хүндэтгэлтэйгээр гардуулан, улам их амжилт хүсч, баяр хүргэлээ.

Мөн Америкийн Нэгдсэн Улсад сурч, амьдарч байгаа иргэдийн хүүхэд багачуудад Монгол үндэстний ѳв, соёлыг танин мэдүүлэх үйлст үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа морин хуурын багш Б.Нямдоржийг Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Жуух бичгээр шагнав.

Бидний хүсэлтийг хүлээн авч, монголчуудынхаа засварлан тохижуулж, байнгын үйл ажиллагаатай байлгахыг зорин ажиллаж буй "Монголын соёлын төв"-өөр АНУ-д хийж байгаа ажлын айлчлалынхаа зав боломжоор саатан морилсон эрхэм сайд болон албаны бусад хүмүүс, бидний хүсэлтийг дамжуулан энэхүү уулзалтыг зохион байгуулахад чин сэтгэлээсээ тусласан ЕКГ-ын хамт олонд гүн талархал илэрхийлье.

БАМХ