Хулгана жилийн босгон дээр хийсэн ажил хэргийн уулзалт

МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суухаар шинээр томилогдон ирсэн ерөнхий консул Бандихүүгийн Ургамалцэцэг 2020 оны 2-р сарын 22-нд БАМХ, "Монголын соёлын төв"-өөр зочилж, ажил хэргийн уулзалт хийлээ.

Уулзалтад Ерөнхий консул Б.Ургамалцэцэг, дэд консул Бямбажаргал, БАМХ-ны тэргүүн Ц.Батсоёмбо, УЗГ А.Болдсүх, гишүүн С.Баттулга, С.Төмөрбаатар, П.Сэлэнгэ, санхүүч Б.Саранчимэг, Берклигийн их сургуулийн монгол оюутны холбооноос Д.Тэнгис нар оролцлоо. Уулзалтад оролцогчид Бэй Аэриа орчимд суугаа монгол иргэдийн байдал, БАМХ-ны үүх түүх, зохион байгуулалт, хийж гүйцэтгэсэн ажлууд, тулгардаг бэрхшээл, хамтран ажиллах боломжууд гээд өргөн хүрээнд санал бодлоо солилцов. Мөн Д.Тэнгис, Б.Өлзийсайхан нар гадаадад байгаа иргэдийг улс төрийн сонгуульд оролцуулахгүй байхаар хуульчилсныг эсэргүүцэж, иргэдийн гарын үсгийг цуглуулснаа ЕК Ургамалцэцэгт гардуулав. Тэд эсэргүүцлээ ЕКГ-аар дамжуулан, төр, засгийн холбогдох байгууллагад хүргүүлэх хүсэлтэй байна.

Уулзалт ажил хэрэгч, халуун дотно уур амьсгалд амжилттай сайхан боллоо.

Шинээр томилогдсон ерөнхий консул Б.Ургамалцэцэгт ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

БАМХ