"Энх мэндийн баяр" гала тоглолт сайхан боллоо


БАМХ-оос сар шинийг угтан "Энх мэндийн баяр" соёл урлагийн гала тоглолт, цагаан сарын хоёр удаагийн үзэсгэлэн худалдаа, сар шинийн нийтийн золголт гэсэн цогц арга хэмжээг зохион байгуулж байна. 
2019 оны 1-р сарын 27-ны билэгт сайн өдөр "Энх мэндийн баяр" гала тоглолт маань хүн төрөлхтний эрдэм оюуны нэгэн ундраа болсон алдарт Калифорнийн их сургуулийн Беркли дэх салбарын түүхт "International House"-ийн их танхимд утга төгөлдөр сайхан боллоо. Монгол ёс заншил, урлаг, соёлоо аль болох бүрэн дүүрэн танилцуулан сурталчлах гол зорилготойгоос гадна БАМХ-ны морин хуурын дугуйланд суралцаж буй залуус, хүүхдүүдийн юу сурсныг үзэх, мөн удахгүй болох сар шинийн золголтын зардлын тодорхой хувийг бүрдүүлэх гээд олон талын ач холбогдолтой байлаа. Монголыг сонирхдог, мэддэг америкууд болон монгол туургатан зочид хүрэлцэн ирсэн нь олзуурхууштай. 
1. Идээ ундааны соёл. Уг арга хэмжээний үеэр монгол идээ ундааны соёлыг төлөөлүүлэн сүүтэй цай, бууз, боорцог, айргаар үйлчиллээ. Үндэсний үйлдвэрлэлээ эрхлэн, америкийн хэрэглэгчдэд бууз, банш нийлүүлэн амжилттай бизнес эрхэлж байгаа О.Тулга захиралтай “Евроазиа” хоолны газраас бууз, байцааны салат, сүүтэй цайгаар үйлчиллээ. “Бөмбөөлэй бэйкэри”-ийн С.Оюунгэрэл амттай сайхан боорцог, чихэр жимсээр ширээ болгонд идээ засав. Мөн цагаан идээ, боорцог, буузны худалдаа явуулав. Сан Франциско хотод байдаг Ариун-Эрдэнэ захиралтай “Монгол кафе”-ийн исгэсэн айргаар зочдоо дайллаа. Монгол идээ, ундааны соёл, зочломтгой ёс заншлыг сурталчлан түгээсэн Б.Өлзийсайхан, С.Энхтөгөлдөр, Ү.Баганаа, С.Оюунгэрэл, О.Тулга, Люси, Х.Давааням, Эрка, Ю.Ариун-Эрдэнэ, Чимгээ, Б.Батсайхан, Тэлмэн нартаа маш их баярлалаа. Ширээ сандлаа засах, халууныг халуунаар нь хүйтнийг хүйтнээр нь зочдод хүргэх, түргэн шуурхай үйлчлэх, дараа нь хурааж цэвэрлэх гээд тун хэцүү ажлыг та нар маань нугаллаа. 
2. Монгол гар урлал, үндэсний хувцас, соёлын бараа, ном, бэлэг дурсгалын соёл. Зохион байгуулж байгаа болон зочин монголчууд маань бүгд шахуу монгол үндэсний эрхэмсэг, тансаг дээл хувцсаараа гангарлаа. Монгол гар урлалыг төлөөлүүлэн ширээний голын чимэглэл буюу хадаг дэлгэсэн монгол хүүхэлдэй, гэр, хурга, монгол бичгээр бичсэн цэцэгт чимэглэлийг амралтаа хугаслан, ширээ болгонд зориулан урласан Л.Цолмонг энд онцлон дурдаж, талархлаа илэрхийлэх нь зүйтэй. Үнэхээр их хөдөлмөр, сэтгэл шингэсэн бүтээл нь ширээг арга хэмжээний зорилго чиглэлд нийцүүлэн, онцгой сайхан чимсэн юм. Ш.Баатар, Ю.Ариунзаяат, Ч.Номин-Эрдэнэ нар ном, соёлын бараа, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа ажиллуулсан нь бас арга хэмжээний зардалд үнэтэй хувь нэмэр боллоо. Та нартаа гүн талархал илэрхийлье.
3. Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэн. Гэрэл зургийн сурвалжлагч, МУСТА, “Бэй Аэриагийн 2018 оны шилдгийн шилдэг” Э.Эрдэнэбаяр “Амьдрал миний дуранд” уран бүтээлийн үзэсгэлэнгээсээ монголын аж байдал, ахуй соёлыг харуулсан зургуудаар бэсрэг үзэсгэлэн гаргав. 2018 онд хэвлэгдсэн “Амьдрал миний дуранд” номыг зочид гарын үсэгтэйгээр худалдан авч, Э.Эрдэнэбаяртай дурсгалын зураг татууллаа. Түүний олон сайхан бүтээл гадаад зочид, монголд хараахан очиж үзээгүй байгаа хүүхэд багачуудын талархлыг хүлээлээ. 
4. Монгол урлагийн гала тоглолт. Монгол урлаг гэдэг агуу баян болохоор энэ оройн тоглолт ч гайхамшигтай сайхан боллоо. Бэй Аэриад ажиллаж байгаа бараг бүх хөгжимчин, бүжигчин, уран бүтээлчид маань олон сарын турш уйгагүй хөдөлмөрлөж байж, авьяас билэг, уран бүтээлийн дээжээ өргөн барив. Дэлхийд зартай их сургуулийн танхимд монгол урлагийн охь дээж эгшиглэн, тайзыг гийгүүлэх нь монгол урлагийн түүхэн дэх бас л нэгэн тэмдэглэлт үйл явдал билээ. Бэй Аэриад суугаа уран бүтээлчид дангаараа энэ удаагийн тоглолтыг бүрдүүллээ. Нийт арван дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй цөөхүүл хөгжимчид Монгол Улсын төрийн шагналт, хөгжмийн зохиолч З.Хангалын “Аяны шувууд”, Монгол Улсын төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Тань руу нүүж явна “ киноны хөгжим, “Хурай хурай хурай” дууны уран бүтээлийг анх удаа эгшиглүүллээ. Хөгжмийн удирдаачаар ажилласан МУСТА Ц.Төмөрчөдөр, хөгжмийн найруулагчаар ажилласан МУСТА Б.Мөнгөнчимэг нарын нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэлд талархлаа илэрхийлье. 
Сан Франциско хотын хөгжмийн консерваторийн оюутан, АНУ-д зохиогдсон олон улсын хөгжмийн наадмын 3-р байрын шагналт Соронзонболдын Эрдэнэтангад МУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн зохиол Монгол ардын дууны найруулга "Хар морь",
Прокофьевийн зохиол “Сарказм” дан хөгжмийн зохиолоор үзэгч олны сонорыг мялаав.
Ёочин хөгжимчин Номин-Эрдэнэ Вивалди “Зун”, “Гэр” төвийн морин хуурын багш Б.Нинжээ үндэсний цөөхүүл хөгжимчдийн хамт “Икэлийн эгшигт нутаг”, МУСТА, төгөлдөр хуурч Б.Мөнгөнчимэгийн хамт МУ-ын төрийн хошой шагналт Жанцанноровын зохиол “Сэтгэлд шингэсэн говь” дан хөгжмийн бүтээлээр бэлэг барьлаа. 
БАМХ-ны дэргэдэх морин хуурын дугуйлангийн багш, сурагчид “Татлагын холбоо”, “Аялгуу”, “Эх үрсийн элбэрэл”, “Цагаан суварга” аялгууг чадварлагаар эгшиглүүлж, үзэгч олны талархлыг хүлээв. Тоглолтыг санаачилсан багш Б.Нямдоржийн хөдөлмөр, зүтгэлийг үнэлэн МУ-аас АНУ-ын Сан Франциско хотноо суугаа Ерөнхий консулын газарын хүндэт өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнав. Шагналыг Ерөнхий консул Э.Галбадрал гардууллаа. Морин хуур хөгжмийг төдийлөн сайн мэдэхгүй хүүхдүүдэд үндэсний уламжлалт хөгжмийг заан сургаж, өдий зэрэгтэй тоглох хэмжээнд хүргэсэн Нямдоржийн хөдөлмөр зүтгэлд БАМХ онцгойлон талархал илэрхийлж байна. 
МУ-ын гавьяат жүжигчин Рагчаагийн Банзрагч ая дуугаа өргөн барьсан нь энэ оройн хүндэтгэлт нэгэн шигтгээ байлаа. Насаараа монгол урлагт зүтгэсэн хүний сахилга бат, тайз, үзэгчид, урлагаа хүндлэх намба төрх, дундаршгүй авьяас билэг нь залуус дүү нарт даган дуураймаар, биширмээр сайхан үлгэр болж байлаа. МУГЖ Р.Банзрагч танд гялайлаа.
МУСТА, дуучин Дэлэгнямын Өнөрбаатар Consuelo Velázquez "Bésame Mucho" ("Kiss me a lot"), Н. Баянмөнхийн шүлэг, Т.Төвшинтөрийн хөгжим “Аялгуут нутаг” дуугаа өргөн барьж, үзэгч олны сонорыг мялаав. Мөн гала тоглолтыг хөтлөн толилууллаа. 
Ч.Содтуяа багштай “Азийн модель” агентлагийн хөөрхөн хүүхдүүд монгол үндэсний хувцасны үзүүлбэр бэлдэж, үзэгч олондоо танилцуулав. Морин хуурч залуус хүүхдүүдийн тоглосон аялгуу, монгол дээл хувцсаараа гангарсан хүүхдүүдийн намбалаг уран үзүүлбэр үнэхээр хоршиж байлаа. БАМХ-ны морин хуурын дугуйлангийн багш, сурагчид Батсайханы Нямдорж, Зулхүүгийн Амгаланбаатар, Төмөрбаатарын Соёмбо, Цогтхүүгийн Пүрэвжав, Галбадрахын Галт, Содбилэгийн Бишрэл, Пүрэвдоржийн Ганзориг, Чадраабалын Содтуяа багштай “Азийн модель” агентлагийн сурагчид Олон улсын “Luxury Brand Model Awards” тэмцээний бяцхан топ модель С.Содонгоо, Дэлхийн бяцхан Мисс М.Гэрэлтэх, “Рrince Princess International” тэмцээний ухаалаг бяцхан мисс Э. Номинжин, 2018 оны Бай Ариагийн урлагийн шилдэг Д. Агиймаа, сурагч Б. Саруул, Солонго, Аниржаргал, Дөлгөөн, Э.Оюунмандах нарт улам их амжилт, уран бүтээл хүсэн ерөөе. 
Бэй Аэриад монгол урлагийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд маш үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа, урлагийн тоглолт, соёлын арга хэмжээ бүрд сэтгэл гарган оролцдог хүүхдийн “Гэр” төв, “Монгол уран нугаралтын төв”, бүжгийн “Хөх тэнгэр” хамтлаг, “Gband” хамтлаг энэ удаа ч мөн уран бүтээлийн охь дээжээ өргөн барьсанд гүн талархал илэрхийлье. МУСТА Батзориг багштай “Би монгол” сургуулийн бүжигчин хүүхдүүд Номинжин, Үжин, Саруул, Баярмаа, Агиймаа, Энэрэл, Нандин нар “Самгалдай”, МУСТА Б.Сэрчмаа багштай “Монгол уран нугаралт” төвийн сурагч Сэди Ороско, Катя, Т. Шүр-Од нар “Талын охид” зохиомж, “Хөх тэнгэр” бүжгийн хамтлагийн бүжигчин МУСТА Д.Оюунцэцэг, З.Сугармаа, бүжигчин Б.Алтанзаяа, Д.Оюунгэрэл, Д.Оюунцэцэг нар МУСТА, бүжиг дэглээч Д.Батзоригийн дэглэлт “Үлэмж гоо” бүтээлээрээ үзэгч олны мэлмий, урлагийн алтан тайзыг мялаалаа. 
2018 оны баяр наадмын үеэр “Чингис хаан”-ын дүрийг бүтээж, олон түмнийг бишрүүлсэн Бэй Аэриагийн авьяастан Д.Түвшинбаяр, хүлэг баатруудын дүрийг бүтээсэн Батбямба, Б.Төмөрхуяг нар энэ тоглолтод бас их хаан, түүний баатруудын дүрээр морилж, Эзэн Богдын зарлиг сургаалыг сонордуулан сануулав.
“Бэй Аэриагийн 2018 оны шилдэг оюутан” Зулхүүгийн Амуунаа, Галбадрахын Үлэмж нар МУГЖ Долгорын дэглэлт “Бид биелнэ”, З.Амуунаа МУГЖ Долгорсүрэнгийн дэглэлт “Монгол бүсгүй” бүжгээр, сурагч Батмөнхийн Мөнхзаяа МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын “Би монголоороо гоёдог” шүлгээр, Дэлхийн бяцхан мисс, бүжигчин М.Гэрэлтэх Сүхбаатарын дэглэлт “Чичиргэнэ” бүжгээр, Олон улсын “Luxury Brand Model Awards” тэмцээний бяцхан топ модель С.Содонгоо “Welcome to Mongolia” дуугаар мэндчилж, тоглолтод хөг аялгуу, өнгө үзэсгэлэн нэмлээ. 
Тоглолтын тайзны дизайныг хариуцсан Түмэнгийн Золбоо, аудио, видео бичлэгийг эвлүүлсэн Зулхүүгийн Амгаланбаатар, тоглолтын үеэр аудио, видео найруулагчаар ажилласан Баярсайханы Улаанаа нарт маш их баярлалаа.

Тоглолтын санаачлагч БАМХ-ны морин хуурын дугуйлангийн багш Батсайханы Нямдорж
Продюсер Цэгмидийн Батсоёмбо
Найруулагч МУСТА Цоггэрэлийн Төмөрчөдөр 
Хөгжмийн найруулагч МУСТА Буриадын Мөнгөнчимэг
Бүжгийн багш МУСТА Доржийн Батзориг 
Загварын багш Чадраабалын Содтуяа
Туслах найруулагч Авирмэдийн Ариунтуул
МУСТА, даралтат хөгжимчин Ч.Төмөрчөдөр
Басс гитарчин Д.Одон
Соло гитарчин Төгсөө
Хийлч Солонго
МУСТА, Төгөлдөр хуурч Б.Мөнгөнчимэг
Төгөлдөр хуурч С.Эрдэнэтангад
Цохиур хөгжимчин Заяадэлгэр
Бөмбөрчин Одхүү 
МУСТА, морин хуурч Ч.Оргилсайхан 
Морин хуурч Б.Нинжээ
Морин хуурч Б.Нямдорж
Ёочин хөгжимчин Номин-Эрдэнэ
МУСТА, шудрага хөгжимчин П.Туул
Хөтлөгч Дэлэгнямын Өнөрбаатар, Төмөрбаатарын Мөнхсуурь, Батмөнхийн Мөнхзаяа
Тайзны дизайнер Түмэнгийн Золбоо
Аудио, видео техникч Баярсайханы Улаанаа
Гэрэл зурагчин Н.Ганчимэг, William Lee, Oliver Klink 
Тоглолтод уран бүтээлийн дээжээрээ бэлэг барьсан хүүхдийн “Гэр” төв, “Азийн модель” агентлаг, “Монгол уран нугаралт” төв, “G-band“ хамтлаг, “Хөх тэнгэр” хамтлагт болон оролцсон бүх уран бүтээлчид, дэмжиж тусласан бүх хүнд гүн талархал илэрхийлж, ажил үйлсэд нь амжилт хүсье.

Ийнхүү Бэй Аэриагийн монголчууд маань монгол соёлоо түгээв. Манай монгол яндаж баршгүй арвин соёлтой, бардаж ханашгүй түүх шашдиртай. Үүнийг бид хэзээ ямагт хүндлэн, цаг ямагт сурталчлан дэлгэрүүлж байх үүрэгтэй. Гадаад сурталчилгаа, соёлын харилцаа, бизнесийн түншлэлд гадна байгаа монголчууд маань маш их үүрэгтэй, ач холбогдолтой. Хүн бүр чадах чинээгээрээ зүтгэх ёстой. Энэхүү ариун үүргээ биелүүлээд хуран цугласан зочид, үзэгчиддээ бас гүн талархал илэрхийье. Эсгий туургатнаараа ах, дүү мэт эвлэлдэн нэгдэх амар амгалангийн Тэнгэрлиг хувь заяа Монголчуудыг ивээх учиртайг бэлгэдсэн “Энх мэндийн баяр” хэмээх айзам уртын дуу халуун ам бүлээрээ аз жаргалтай байж, улс хотлоороо эрх чөлөөтэй, тусгаар тогтнон оршин байхыг ерөөсөн байдаг. Энэ сайхан дууны нэрийг оройдоо залаад монгол соёл урлагаа магтан дуулах гэж дэлхийн эрдмийн их өргөө болсон түүхт танхимд хуран цугларах ерөөлтэй байжээ. Монгол соёлын дор улам олноороо хуран чуулж байх болтугай. 
“Энх мэндийн баяр” соёл, урлагийн цогц арга хэмжээний ерөнхий зохион байгуулагч 
БАМХ
Ц.Батсоёмбо
Ш.Баатар
Д.Лувсанжамбаа
Ю.Ариунзаяат
Д.Долгорсүрэн 
Ивээн тэтгэгчид:
МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа ЕКГ
Бурхан шашны “Занабазар” төв
“Монгол шагайн товчoo”
“Бэй аэриагийн монголчуудын боулингийн клуб”
Сакраменто хотын Н.Гиймаа 
Мөн зочдын дунд хандив цуглуулах ажлыг санаачлан зохион байгуулж, дугтуй сэлтийг бэлдэж ирээд 1384 доллар цуглуулсан С.Гангатуулд тусгайлан талархлаа илэрхийлье. Аль ширээ хамгийн их хандив өгснийг шалгаруулахад Н.Ганчимэг, Д.Долгорсүрэн, Ричардсон нарын ширээ нийт 365 доллар хандивласнаар түрүүллээ.

Гар бие оролцож, цаг заваа харамгүй зориулсан Ц.Хишигбаяр (монголоос хэрэгцээт зүйлсийг бэлтгэн илгээсэн), Н.Ганчимэг (зар сурталчилгааны дизайн гаргасан), Г.Уянга (ширээний хөтөлбөрийн дизайн гаргасан), Эрдэнэсайхан (ширээ засалт, худалдан авалт), Д.Жанцанхорол (монгол, англи орчуулга) Б.Саранчимэг(зочдын зохион байгуулалт), А.Болдсүх (зочдын зохион байгуулалт), С.Төмөрбаатар (ачаа бараа зөөх, тайз засалт), С.Л.Сайнтуяа (тасалбар түгээлт, зар сурталчилгаа), С.Мягмар (зар сурталчилгаа), М.Сувдмаа (зар сурталчилгаа, зочдын зохион байгуулалт), Б.Сүхээ (дүрс бичлэг), Ч.Булгантамир (тасалбар түгээлт), П.Сэлэнгэ (үйлчлэгч нарын зохион байгуулалт), Б.Төмөрхуяг (ачаа бараа зөөх, тайз засалт) нарынхаа хичээл зүтгэлд үнэнхүү талархаж байна. Маш их баярлалаа. 
БАМХ