Бэй Аэриагийн Монголчуудын цагаан сарын нийтийн золголт сайхан боллоо

Арвандолдугаар жарны "Сайн сайханд урвуулагч" хэмээх гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний сайн өдөр Бэй Аэриагийн монголчууд билэг ерөөлөөр учран, ахас ихэс, настан буурлуудаа хүндлэн золгож, амар мэндээ мэдэлцэн, билэгтэй сайхан үгсийг хөөрөлдөв. Сар шинийн ёслолын арга хэмжээг нээж, БАМХ-ны тэргүүн Ц.Батсоёмбо үг хэлж, хүн бүр, айл болгонд сайн сайхны ерөөл өргөв. МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа ЕКГ-аас БАМХ-ны ажил үйлсийг урамшуулан, холбооны тэргүүн Ц.Батсоёмбыг "2018 оны онцлох хүн, нийгмийн зүтгэлтэн"-ээр шалгаруулан шагнаснаа битүүний өдөр гардуулсан бас нэгэн билэг дэмбэрэлтэй сайхан үйл явдал болсонд БАМХ-ны хамт олон урамшиж, шинэ жилийг амжилтаар дүүрэн угтсандаа баяртай байна.

МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа ерөнхий консул Э.Галбадрал нийт монголчууддаа сар шинийн мэнд хүргэж, ЕКГ-аас нохой жилд амжиж бүтээсэн ажлаа товч танилцуулаад хүн бүрт амжилт, сайн сайхныг хүсэн ерөөв. Консулын тойргийн 17 муж, 700 гаруй хотод суугаа монгол иргэд, улс хоорондын харилцааны асуудлыг хариуцан ажилладаг Сан Франциско дахь ЕКГ улиран одож буй жилд нэлээд олон ажлыг амжилттай хэрэгжүүлсний дотор монгол иргэд Калифорни мужид жолооны шалгалтыг эх хэлээрээ өгөх боломжийг хөөцөлдөн бүтээсэн, мөн гэрээт ажилчдын визний асуудлаар АНУ-тай нягт хамтран ажиллаж байгаа гээд 2018 онд амжуулж бүтээсэн гол ажлаасаа дурдлаа.

Уламжлал ёсоор бурхан шашны “Занабазар” төвийн тэргүүн хамба Г.Дамчаабазар, ламтан А.Баасандорж, унзад лам Гомбодорж, ламтан Эрдэнэчулуун нар хурсан олонд ерөөл айлдан, буян номын даллага авахуулав. 
БАМХ-ны морин хуурын багш Б.Нямдорж гарч буй жилийн анхны аялгууг эгшиглүүлсний дараа 70 настай Догсол, 70 настай Уртнасан, 84 настай Даваадорж, 67 настай Даваахүү нарын ахмдадууд, мөн монгол туургатан буриадуудын төлөөлөл Балжмаа, халимагуудын төлөөлөл Галина Ангарова, Хишигт нар ая дуу, яруу найргийн мэндчилгээ өргөн барив. Ю.Ариунзаяат, Б.Нямдорж нар сар шинийн баярыг утга, ёслол төгөлдөр сайхан хөтөллөө. Ийнхүү идээ цагаа элбэг сайхан, үг хэл билэгтэй сайхан, үйлс ажил өөдрөг сайхан, санаа сэтгэл уужим сайхнаар элбэг хангалууны билэгдэл гахай жилийг угтан, монгол сайхан заншлаараа улам сайхныг урин золголоо.

Хандивлагчид:
1. Ачаа тээврийн "Бид монгол" компани уламжлал ёсоор цагаан сарын гол хандивлагч болж, 1500 долларын үнэ бүхий 30 ширхэг ачааны хөнгөлөлтийн эрх 
2. “Бөмбөөлэй бэйкери" С.Оюунгэрэл- 210 долларын үнэ бүхий өрөм ааруул, боорцог, 100 ширхэг бууз
3. БАМХ-ны УЗГ Ю.Ариунзаяат 60 долларын үнэ бүхий евчүүний махан зууш
4. БАМХ-ны зөвлөх Д.Дүүрэнжаргал 30 долларын үнэ бүхий байцааны салат
5. Оакланд хотын Ч.Ганзориг, Б.Түмэнжаргал нарын гэр бүл 40 долларын үнэ бүхий буцалсан аарц
6. Оакланд хотын Л.Оюунтуяа өөрийн уран бүтээл "Бүлээн амьсгаа" ном 20 ширхэг
7. Оакланд хотын Магнайбаярын гэр бүл 100 доллар
8. О.Тулга захиралтай "Евроазиа" хоолны газар 20 LB банш 
9. Аламеда хотын Бахад, Сарнай нарын гэр бүл 100 бууз
10. Аламеда хотын Батнаа, Цээгий нарын гэр бүл 2 шил архи
11. Ч.Даваадулам 3 шил архи
12. Догсол, Норзонбилгээ нарын гэр бүл дарс, жигнэмэг, чихрийн цуглуулга
13. Хишигт, Галина, Балжмаа тараг, шар тос, өрөм, жигнэмэг
14. Намжилхүү, Ариунаа нарын гэр бүл цай
15. БАМХ-ны УЗГ А.Болдсүх, Б.Саранчимэг нарын гэр бүл 100 доллар
16. Беркли хотын Чулуунсүх, Б.Энхжаргал нарын гэр бүл 100 доллар
17. БАМХ-ны УЗГ Ш.Баатар, Ц.Алтантуяа нарын гэр бүл 100 доллар
18. Нэр бүхий дэмжигчид 200 доллар

Цагаалга, сар шинийн өмнө ажиллаж, байр, ширээ, тайзаа засч бэлдсэн:
А.Ариунтуул, Б.Улаанаа, А.Болдсүх, Ж.Энхбаатар, Ц.Батсоёмбо
Монголоос хэрэгцээт зүйлсийг бэлтгэж илгээсэн: БАМХ-ны Монгол дахь төлөөлөгч Ц.Хишигбаяр

Цагаалганы үеэр ажилласан:
Хөтлөгчид Б.Нямдорж, Ю.Ариунзаяат
Зочдод үйлчилсэн: Жавхлан, Д.Дүүрэнжаргал, Д.Долгорсүрэн, Ц.Батсоёмбо, Б.Саранчимэг, А.Болдсүх, С.Төмөрбаатар, П.Сэлэнгэ, Ч.Номин

Цагаалганы дараах ажлыг нугалсан:
П.Сэлэнгэ, С.Гангатуул, С.Төмөрбаатар, Б.Улаанаа, Ц.Батсоёмбо, Ч.Номин 
Гэрэл зургийн сурвалжлага бэлтгэсэн Б.Батбямба

Сар шинийн цагаалга, хүндэтгэлийн арга хэмжээг хамтран зохион байгуулсан МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа ЕКГ, бурхан шашны “Занабазар” төвд гүнээ талархал илэрхийлье.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Гарч буй гахай жилийн үр өгөөж, буян хишиг, үйлс ажил, амжилт бүтээл арвин ихээр дуурсах болтугай.

БАМХ