ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе.

Охид, эхчүүд, эмэгтэйчүүддээ ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун баярыг хүргэж, амжилтын дээдийг ерөөе.

Бэй Аэриагийн бүсгүйчүүд бүгдээрээ асар их хөдөлмөрч, олон нийтийн төлөө цаг наргүй зүтгэдэг, уужим агуу сэтгэлтэй, эрдэмтэй, шаламгай, ухаалаг, манлайлагч, үзэсгэлэнтэй билээ. Та нар маань "Монголчууд" гэсэн нэрийг өөд нь татаж, эх орон, гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхөд, ерөөс бүгдийг сэтгэлдээ багтааж, салбар бүрт манлайлж байна.

Эмэгтэйчүүдийн баярын энэ өдөр сайхан монгол бүсгүйчүүдийн төлөөллөөр нүүр номын хуудсаа чимье.

Улам ихийг хийж бүтээгээрэй. Санасан сэдсэн бүхэн нь дардан сайхан бүтэж байг.

Хийж бүтээсэн, түшиж дэмжсэн, санаж санаачилсан бүхэнд тань талархая.

БАМХ

Хулгана жилийн босгон дээр хийсэн ажил хэргийн уулзалт

МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суухаар шинээр томилогдон ирсэн ерөнхий консул Бандихүүгийн Ургамалцэцэг 2020 оны 2-р сарын 22-нд БАМХ, "Монголын соёлын төв"-өөр зочилж, ажил хэргийн уулзалт хийлээ.

Уулзалтад Ерөнхий консул Б.Ургамалцэцэг, дэд консул Бямбажаргал, БАМХ-ны тэргүүн Ц.Батсоёмбо, УЗГ А.Болдсүх, гишүүн С.Баттулга, С.Төмөрбаатар, П.Сэлэнгэ, санхүүч Б.Саранчимэг, Берклигийн их сургуулийн монгол оюутны холбооноос Д.Тэнгис нар оролцлоо. Уулзалтад оролцогчид Бэй Аэриа орчимд суугаа монгол иргэдийн байдал, БАМХ-ны үүх түүх, зохион байгуулалт, хийж гүйцэтгэсэн ажлууд, тулгардаг бэрхшээл, хамтран ажиллах боломжууд гээд өргөн хүрээнд санал бодлоо солилцов. Мөн Д.Тэнгис, Б.Өлзийсайхан нар гадаадад байгаа иргэдийг улс төрийн сонгуульд оролцуулахгүй байхаар хуульчилсныг эсэргүүцэж, иргэдийн гарын үсгийг цуглуулснаа ЕК Ургамалцэцэгт гардуулав. Тэд эсэргүүцлээ ЕКГ-аар дамжуулан, төр, засгийн холбогдох байгууллагад хүргүүлэх хүсэлтэй байна.

Уулзалт ажил хэрэгч, халуун дотно уур амьсгалд амжилттай сайхан боллоо.

Шинээр томилогдсон ерөнхий консул Б.Ургамалцэцэгт ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

БАМХ

Баяр хүргэе

2020 оныг угтах БАМХ-ны шинэ жилийн цэнгүүний үеэр Бэй Аэриад суугаа монголчуудынхаа төлөө үнэт цаг, хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ олон жил зориулж ирсэн хоёр сайхан бүсгүйд АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит "Оны сайн үйлстэн" шагналыг гардуулав.

Монголчуудын үүсгэл санаачлагын байгууллагуудын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Насангийн Ганчимэг, Бэй Аэриад зохиогдож буй урлаг, спорт, өв уламжлал, сургалт, сайн үйлсийн бүхий л арга хэмжээнд цаг заваа зориулан ажилладаг Пүрэвийн Сэлэнгэ нарт АНУ-ын ерөнхийлөгч Трампын гарын үсэг бүхий захидал, энгэрийн тэмдгийг Бэй Аэриагийн Монголчуудын сайн үйлсийн ууган зүтгэлтэн, БАМХ-ны УЗГ Ширчингийн Баатар гардуулан өгч, сайн үйлсийн эздэд амжилт хүслээ.

Монголчуудынхаа төлөө өдийг хүртэл маш олон цагийн хөдөлмөрөө зориулсан Н.Ганчимэг, П.Сэлэнгэ нартаа талархлаа илэрхийлье, Олны төлөө үйлс өөдөө байх болтугай.

БАМХ

БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ БЭЙ АЭРИАГИЙН МОНГОЛЧУУДТАЙ УУЛЗЛАА

2019 оны 12-р сарын 8-нд МУ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй албаны хүмүүс Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хот орчмын Бэй Аэриагийн Монголчуудын холбооны удирдлагууд, иргэдийн тѳлѳѳлѳлтэй чѳлѳѳт уулзалт хийлээ.

Уулзалтад Бэй Аэриа орчимд соёл, спорт, олон нийт, боловсролын үйл ажиллагаа явуулдаг монголчуудын байгууллага, клуб, хамт олны төлөөллүүд оролцож, хийсэн ажлаа танилцуулан, тулгардаг бэрхшээл, гарах арга замууд, төр ба олон нийтийн байгууллагууд хамтран ажиллах боломжийн талаар чөлөөтэй ярилцан, саналаа солилцов.

Уулзалтын үеэр БАМХ-ны тэргүүн Ц.Батсоёмбо БАМХ-ны олон талт үйл ажиллагаа, хэрэгжүүлж ирсэн ажлын чиглэлүүд, цаашдын зорилго, мөн гадаадад буй олон нийтийн байгууллагууд улсынхаа боловсрол, соёл урлаг, спорт, гадаад сурталчилгааны чиглэлд хамтран ажиллах ямар боломжууд байгаа талаар санал бодлоо илэрхийлэв.

Хүүхдийн "Гэр" төвийг төлөөлөн багш Б.Алтанзаяа ажлаа танилцуулж, гадаадад байгаа хүүхдүүдийн монгол хэлний боловсрол, сурах бичгийн асуудлын талаар, "Монгол филмс", "Монгол уран нугаралтын төв"-ийг төлөөлөн Цогтбаяр хийж буй ажлаа танилцуулж, монгол киног америкийн зах зээлд гаргах, монгол киноны өдрүүд зохион байгуулах тухай, "Даша дожо" дэвжээний Дашмягмар, үндэсний бөхчүүдийн төлөөлөл аймгийн арслан А.Болдсүх, сагсан бөмбөгчдийн төлөөлөл, спортын мастер Ичинхорлоо нар гадаадад байгаа монголчуудын спортын арга хэмжээ, бэлтгэл сургалтын талаар танилцуулан, чөлөөтэй ярилцав.

Монгол Улсын Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Гадаад харилцааны яамнаас зохион байгуулдаг “Миний Монгол наадам” арга хэмжээнд БАМХ жил бүр амжилттай оролцож ирсэн бөгөөд 2019 онд дэд байрт шалгарсныг батламжилсан Батламжийг сайд Ё.Баатарбилэг хүндэтгэлтэйгээр гардуулан, улам их амжилт хүсч, баяр хүргэлээ.

Мөн Америкийн Нэгдсэн Улсад сурч, амьдарч байгаа иргэдийн хүүхэд багачуудад Монгол үндэстний ѳв, соёлыг танин мэдүүлэх үйлст үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа морин хуурын багш Б.Нямдоржийг Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Жуух бичгээр шагнав.

Бидний хүсэлтийг хүлээн авч, монголчуудынхаа засварлан тохижуулж, байнгын үйл ажиллагаатай байлгахыг зорин ажиллаж буй "Монголын соёлын төв"-өөр АНУ-д хийж байгаа ажлын айлчлалынхаа зав боломжоор саатан морилсон эрхэм сайд болон албаны бусад хүмүүс, бидний хүсэлтийг дамжуулан энэхүү уулзалтыг зохион байгуулахад чин сэтгэлээсээ тусласан ЕКГ-ын хамт олонд гүн талархал илэрхийлье.

БАМХ


Талархал

Бэй Аэриагийн монголчууд 2019 оны 11-р сарын 9-нд Ажаа Гэгээний төслүүдийг дэмжих хандивын өдөрлөгийг амжилттай зохион байгуулж, нийт 16255 доллар цуглуулан хандивласан билээ. Хандивын ажиллагаанд маш идэвхтэй оролцож, эх орон руугаа шууд хөрөнгө оруулсан хандивлагч, дэмжигч нартаа талархлаа илэрхийлье.

БАМХ хандивын арга хэмжээнээс босгосон болон урьдчилан цуглуулсан нийт мөнгөн хандив 16255 долларыг Ажаа гэгээний санд өргөсөн болно. Ийнхүү зардал гаргалгүй хандивлах боломж олгож, баяр танхимтай холбоотой зардал, зочдын хоол хүнсийг даасан, урлагийн тоглолт, зочдын үйлчилгээ, бусад зохион байгуулалтын ажилд гар бие оролцсон бүх хүмүүст баярласнаа илэрхийлж, өглөг буян нь дэлгэрч, түм бумаар арвижихын ерөөл өргөе.

Байр танхимын зардалд:

Цэрэндулам эзэнтэй Албани хотын "Кику суши" хоолны газар 500 доллар

Бусад зардлыг БАМХ хандивлав.

Зочдын хоол хүнсэнд зориулан:

Тамираа эзэнтэй “Heavenly bistro” өвчүүний махан зууш, байцааны болон нийслэл салат, боорцог

Бурханы шашны “Занабазар” төв 500 бууз, өвчүүний махан зууш

Эрка, Тулгаа эзэнтэй “Евроазиа” хоолны газар 15 кг банш

“Наадам” хуушуурын цехийн Р.Отгончимэг (Беркли)200 халуун хуушуур

“Бөмбөөлэй” бэйкерийн С.Оюунгэрэл иж бүрэн тавгийн идээ, хэвийн боов, боорцог, өрөм, ааруул, хайлмаг, цагаан идээ

Одон багшийн охин Очгэрэл Ажаа гэгээний төрсөн өдрийн бялуу

Энхтөгөлдөр Ажаа гэгээн болон лам нарын цагаан хоол

Мика 20 л сүүтэй, шар тостой цай

Ч.Ганзориг, Б.Түмэнжаргал (Оакланд) нар буцалгасан аарц

П.Сарнай (Аламеда) 2 том бялуу, ус, ундаа

Ю.Ариунзаяат (Оакланд) өвчүүний махан зууш

Уран бүтээлээр хувь нэмрээ оруулсан:

“Gband” хамтлаг (хөгжим, техникээр мөн хангасан)

МУСТА Сэрчмаа багшийн шавь нар, “Монгол уран нугаралтын төв”-ийн уран нугарагчид

МУСТА, дуучин Д.Өнөрбаатар

МУСТА, дуучин Билгүдэй

БАМХ-ны дэргэдэх морин хуурын дугуйлангийн багш Б.Нямдорж, түүний шавь Т.Соёмбо

Сан Франциско хотын хөгжмийн консерваторийн оюутан Эрдэнэтангад

МУСТА Батзоригийн шавь, Калифорнийн их сургуулийн оюутан, бүжигчин охин З.Амуунаа

“Гэр” төв, “Би монгол” сургуулийн сурагч Б.Энхлэл, Б. Энхлэм, Б.Саруул

Туслах найруулагч А.Ариунтуул

Урилганы болон зарын загвар гаргасан Т.Золбоо

Хөгжим, саундыг хариуцсан Б.Улаанаа

Хөтлөгч Ю.Ариунзаяат

Гэрэл зурагчин William Lee

Нэгдсэн зохион байгуулалт:

Ложистик, байр танхимын ерөнхий тохижилт хариуцсан А. Болдсүх, С.Төмөрбаатар, С.Баттулга

Санхүү хариуцсан Б.Саранчимэг

Борлуулалт хариуцсан П.Сарнай, А.Ариунтуул, Б.Түмэндэмбэрэл, Чүнпэй, Д.Дүүрэнжаргал

Ширээний гол чимэглэл бэлтгэсэн, материалыг хандивласан Д.Долгорсүрэн

Сайн үйлсийн сурагчдыг хариуцсан Ч.Булгантамир

Арга хэмжээний бэлтгэлд болон арга хэмжээний үеэр ажилласан Жавзансүрэн, Туул, Жанет, П.Сарнай, Мика, Р.Отгончимэг, Пүүжээ, Үзмээ, Ц.Алтантуяа, Б.Өлзийсайхан болон

Хүндэтгэн дэмжиж морилсон МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа консул Г.Мэнджаргал, “Занабазар” төвийн хамба ламтан Дамчаабазар, Вашингтоны монголчуудын холбооны болон “Америк дахь Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Дэлгэрцогт, “Зөв” тэтгэлгийн тухай танилцуулсан тус сангийн гүйцэтгэх захирал Саранчулуун, арга хэмжээний зохион байгуулалтад зөвлөхөөр ажилласан Ш.Баатар нарт талархлаа илэрхийлье.

Монголын ард түмний тусын тулд далайцтай, нэн шардлагатай төслүүд санаачлан, хөрөнгийг нь босгож, олон түмнийг буяны үйлсэд татан оролцуулж байгаа Ажаа гэгээнтэн танд талархлаа илэрхийлж, буянд даган баясъя.

Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо