Бэй Аэриагийн монголчууд шинэ оноо ёслол төгөлдөр угтав
2017 оны 12-р сарын 30-нд Аламеда хотноо Бэй Аэриагийн монголчуудын шинэ жилийн төв цэнгүүн сайхан боллоо. Баярын ажиллагаанд МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал, консул Г.Мэнджаргал нарын хүндэт зочид уригдан оролцов. Цэнгүүнийг БАМХ-ны тэргүүн Ц.Батсоёмбо нээж, ЕК Э.Галбадрал элэг нэгт монголчууддаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ.
Өвлийн өвгөн аав цас мөсний орноос цасан охидоо дагуулан морилж, хуучин он, шинэ оноор солигдоход цасан охид маань урнаар нугаран, хурсан олныг баясгав. Хийсэн бүтээснээ дүгнэж, олныг манлайлсан шилдгүүдээ шагнан урамшуулж, ирэх он жилүүдийн сайн сайхныг хурайлан дуудлаа.
Монголын соёлын төвийг тохижуулах ажилд бусдыгаа манлайлан зүтгэсэн Жаргалын Энхбаатарыг "2017 оны шилдэг"-ээр шалгаруулж, МУ-ын Гадаад харилцааны сайдын хүндэт өргөмжлөлөөр, Бэй Аэриад гардан тулааны "Дашаа дожо" дэвжээг үүсгэн байгуулж, олон монгол хүүхдийг спортоор хүмүүжүүлэн, амжилтад хүргэсэн Дашдэмбэрэлийн Дашмягмарыг "2017 оны шилдэг"-ээр шалгаруулж, МУ-ын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын хорооны "Алтан од" медалиар, Монгол өв уламжлалын салшгүй нэгэн хэсэг монгол хоол, хүнсийг түгээн сурталчилж, монгол байгууллагууд, монголчууд, сайн үйлсийг байнга дэмжин, манлайлж оролцдог зүтгэлийг үнэлэн, "Бөмбөөлэй бэйкэри"-ийн эзэн Сономын Оюунгэрэлийг "2017 оны шилдэг"-ээр шалгаруулж, МУ-ын Гадаад харилцааны сайдын хүндэт өргөмжлөлөөр, БАМХ-ны дэргэдэх морин хуурын дугуйлангийн багш Батсайханы Нямдоржийг МЗХ-ны "Тэргүүний залуу" алтан медалиар, Сан Франциско хот дахь "Laurel dry cleaner" хими цэвэрлэгээний газрын эзэн, хувиараа бизнес эрхлэгч Дагвадоржийн Мядагмааг өөрийн хүч хөдөлмөрөөр амжилттай бизнес эрхлэхийн зэрэгцээ монголчууддаа ажлын байр бий болгон, аж амьдралд нь тус болж, монгол олон нийтийн байгууллагуудын ажил үйлсийг байнга дэмжин, монголчуудаа дэвжээн дээшлүүлэх үйлсэд оруулж буй үнэтэй хувь нэмрийг үнэлэн, МЗХ-ны "Хөдөлмөрийн алдар" хүндэт медалиар, 1995-2001 оны чөлөөт бөхийн улсын шигшээ багийн тамирчин, Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальт, МУ-ын чөлөөт бөхийн 5 удаагийн аварга. Бэй Аэриагийн монголчуудын наадмын 6 удаагийн түрүү бөх, чөлөөт бөхийн ОУ-ын хэмжээний мастер, үндэсний бөхийн аймгийн заан, БАМХ-ны УЗГ Адъяахүүгийн Болдсүхийн үндэсний бөхийг хилийн чанадад түгээн дэлгэрүүлэх ажил үйлс, монгол олон нийтийн байгууллагууд, монголчууддаа оруулж буй хөдөлмөр зүтгэлийг үнэлэн, Монголын Олимпийн хорооны 60 жилийн ойн медалиар, Аламеда хот дахь Шотокан карате-до дэвжээний багш дасгалжуулагч Амаржаргалын Энхболдын өсвөр үеийг өв тэгш хүмүүжүүлэх үйлсэд оруулж буй үнэтэй хувь нэмэр, түүний сурагчдын гаргаж буй амжилтыг үнэлэн, МЗХ-ны "Хөдөлмөрийн алдар" хүндэт медалиар шагнасныг Ерөнхий консул Э.Галбадрал, БАМХ-ны анхны тэргүүн Ш.Баатар, БАМХ-ны тэргүүн Ц.Батсоёмбо нар гардууллаа. Мөн бизнес амжилттай эрхэлж, ажлын байр бий болгохын зэрэгцээ монгол руу хэрэгцээтэй зүйлс илгээх өглөг, хандивын ажлыг олон удаа зохион байгуулсан сайн үйлстэн, Оакландын монгол хоолны газрын эзэн Сүхбаатарын Энхтөгөлдөрийг МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” хүндэт медалиар урамшуулан шагнасан юм.
Бэй Аэриагийн ээж нар, хөвгүүдийн “Улаан сарнай” бүжгийн хамтлаг танхимыг чимэн бүжиж, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, МУСТА Г.Уранцэцэг хурсан зочдын сонорыг мялаав. Сан Франциско хотын бүжгийн жүжгийн театрын төгөлдөр хуурч Б.Мөнгөнчимэг ахлан, театрынхаа хөгжимчдөөр олон өдрийн турш бэлтгэл хийлгэж, “Уран Хас”, “Уулын горхи”, “Хэнтийн өндөр ууланд”, “Баярын уянга” гэх мэт гайхамшигтай монгол аялгуунуудаар баруун эргийн монголчууддаа шинэ жилийн бэлэг бэлдсэн байлаа. Анх 1973 оны 12-р сарын 30-нд монголын урлагийн алтан тайзнаа амилсан “Уран Хас” бүжгэн жүжгийн хөгжим 30 жилийн дараа АНУ-ын баруун эрэгт ийнхүү эгшиглэсэн нь санаандгүй боловч бахархалтай, тэмдэглүүштэй сайхан үйл явдал болсон юм. Сан Франциско хотын сонгодог урлагийн алдарт тайзнаа тоглодог зэрэглэл өндөр хөгжимчид монгол аялгуунуудыг амилуулан, ирсэн зочдын оюуныг мялаав.
“Монгол уран нугаралт” төвийн багш, МУСТА уран нугарагч Б.Сэрчмаагийн шавь нар, циркийн жүжигчид уран нугаралт, дугуйтай жонглерийн үзүүлбэрээр бэлэг барьж, саяхан МУСТА хэмээх эрхэм алдрын эзэн болоод ирсэн дуучин Ц.Батхуяг, Өмнөд Солонгос, Туркад болсон бяцхан миссийн тэмцээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөн, тэргүүн байрыг эзэлсэн авьяаслаг охин С.Содонгоо, “Freezone” хамтлагийн дуучин Бэкэ нар ая дуугаараа шинэ жилийн цэнгүүнийг хөглөлөө.
Шинэ жилийн цэнгүүн дээр дуудлага худалдаа явуулж, монголоос авчирсан зэс домбыг үнэ хаялцуулан худалдаад олсон орлогыг элгээ солиулсан бяцхан монгол хүүгийн асаргааны зардалд зориулан хандивлав. Сан Франциско хотын “Uptown dry cleaners” хими цэвэрлэгээний газрын эзэн Ч.Эрдэнэбаатар домбыг 520 доллараар худалдан авч, буяны үйлсийн эзэн боллоо.
2018 онд хойд туйлд нохой чаргатай аялах уралдаанд ялж, Бэй Аэриагаас монгол хүн хойд туйлд мөрөө гаргадаг сайхан уламжлал, буухиаг үргэлжлүүлэхээр шалгарсан "Номадик" явган аяллын клубын гишүүн С.Номинд МУ-ын төрийн далбааг дурсгалын зүйлтэй гардуулав. С.Номин төрийнхөө далбааг Хойд туйлд мандуулаад эргүүлэн авчрах үүрэг хүлээлээ. Номингийн мандуулсан төрийн далбааг Бэй Аэриагийн монголчууд дурсгал болгон хадгалах юм.
Монголоос хэрэгцээт зүйлсийг уламжлал ёсоор бэлтгэж илгээсэн БАМХ-ны монгол дахь төлөөлөгч Ц.Хишигбаяр, Г.Буянжаргал, ГХЯ-ны ажилтан Ц.Сийлэгмаа, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн тэргүүн Н.Номун-Эрдэнэ, УЗГ Ариунтэнгэр, тээж авчирсан Б.Цэлмэг, урилга, сурталчилгааны гайхалтай гоё загварууд гаргаж өгсөн Н.Ганчимэг, зочдыг амттай халуун хоолоор дайлсан Оакландын монгол хоолны газрын хамт олон, зочдод үйлчилсэн Т.Түмэндэмбэрэл, Гэгээнээ, Б.Шинэжаргал, Т.Мөнхсуурь, Батсайхан, Ану, Нямбат, С.Номин нарын сайн дурын ажилтан оюутан залуус, шинэ жилийн цэнгүүнийг хөтөлсөн ДЖ Улаанаа, Бэкэ, үйл явдлыг гэрэл зурагт баримтжуулан, гэрэл зургийн сурвалжлага хийсэн Батбямба, Уильям Лий, дүрс бичлэг хийж, сурвалжлага бэлтгэсэн МЖЛ студи, Ариун-Эрдэнэ, зочдыг хөгжөөсөн урлагийнхан, өвлийн өвгөн болсон Н.Цогтбаяр, цасан охид, хуучин, шинэ он болсон охид, бэлтгэсэн ээж аав нар, хөгжөөнт тоглоом бэлдэн ирж зочдыг хөгжөөсөн Туяа, Ч.Алтанцэцэг, “Азтай ширээ” шалгаруулан шагнасан С.Оюунгэрэл, Ральф нарын гэр бүл, “Азын шагнал” ивээн тэтгэж, гардуулсан Ч.Ганзориг, Б.Түмэнжаргал нарын гэр бүл, хүүхдийн бэлэг бэлтгэж, багачуудыг баярлуулсан Л.Эрдэнэчимэг, ширээ засах, байр чимэглэх нүсэр ажилд гар бие оролцон тусласан Отгоо нартаа маш их баярлалаа.
Ажил үйлсээ дүгнэж, шинэ оноо ёслол төгөлдөр угтан авдаг баярын ажиллагааг өнгөтэй сайхан зохион байгуулж, ирсэн зочдоо хүндэтгэн баярлуулах гэж үр хүүхэд, найз нөхдөө уриалан дагуулж байр танхимыг цэвэрлэх, чимэглэх, зочдын ширээ засах, аяга таваг, бүтээлэг, хөгжим сэлтийг зөөж тээвэрлэх, суурилуулах, арын самбар, тайз дэлгэцийг босгох, санхүү мөнгөө барих, урилгаа тараах, арга хэмжээгээ сурталчлах гээд жагсаан бичихэд хүртэл цаасны зай багадам нөр их ажлыг олон хоногийн нойроо хугаслан, сэтгэл зүрхээ зориулан нугалсан шинэ жилийн комиссын гишүүд Т.Золбоо, Д.Долгорсүрэн, П.Сэлэнгэ, Б.Өлзийсайхан, А.Болдсүх, Б.Саранчимэг, Ш.Баатар, Ю.Ариунзаяат, Ц.Алтантуяа, С.Төмөрбаатар нарт талархаад баршгүй. Та бүгдэд эрүүл энх, сайн сайхныг хүсье.
Цэцэг шиг ганган гоёмсог, баяр жавхаатай, хөөр хөгжөөнтэй зочид гийчиддээ баярлалаа. Эрдэм, ажил тань хүслийн зоргоор дэлгэрч, эрүүл бие, саруул ухаан, хичээл зүтгэлээр ихийг бүтээх болтугай.
Элэг нэгт монголчууддаа өөдлөн дэвжихийн ерөөл өргөн, шинэ оны мэнд дэвшүүлье.