"Дашаа дожо" дэвжээ байгуулагдсаны 10 жилийн ой, шинэ жилийн цэнгүүн

Дашаа дожо дэвжээний 10 жилийн ой, шинэ жилийн цэнгүүн

2017 оны 12-р сарын 16-нд "Дашаа дожо" дэвжээ үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой, шинэ жилийн цэнгүүн нижгэр сайхан боллоо. Бэй Аэриа дахь гардан тулааны Дашаа дожо дэвжээ анх 3 сурагчтай хичээллэж эхэлсэн бол одоо төгссөн сурагчид нь багшийн хэмжээнд очсон, сурагчид, багш нар нь спортын өндөр амжилт гаргадаг, Америкт оролцож байгаа тэмцээн болгондоо монголынхоо нэрийг дуурсгадаг сайхан хамт олон болжээ. Америк оронд өсч байгаа монгол хүүхдүүдийг монголоороо ярьдаг, тэсвэр хатуужилтай, бие бялдрын хөгжил сайтай, өв тэгш хүмүүжилтэй болгохын төлөөх арван жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл талаар болсонгүй. Ойн арга хэмжээний тайзыг дэвжээний тамирчдын шагналын цомуудаар чимэглэсэн нь тайзан дээр багтахааргүй олон болжээ. 
Ойн арга хэмжээний үеэр тус дэвжээний зарим тамирчин, дасгалжуулагчдыг шагнаж урамшуулав. Пүрэвдорж овогтой Дөлгөөнийг МЗХ-ны "Тэргүүний залуу" алтан медалиар, Өлзийхутаг овогтой Соронзонболд, Батсайхан овогтой Төгөлдөр нарыг МЗХ-ны "Спортын алдар" медалиар, Хүнхээрээ овогтой Болорчимэгийг МЗХ-ны "Хөдөлмөрийн алдар" хүндэт медалиар, Аюуш овогтой Нармандахыг МЗХ-ны "Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч" медалиар тус тус шагнасныг Монгол Улсаас Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Галбадрал гардуулав. 
Арван жилийн турш гаргасан хөдөлмөр, хичээл зүтгэл, амжилтыг тоочно гэвэл маш урт болох нь дамжиггүй. Дашаа дожо дэвжээний хамгийн том амжилт бол халуун дулаан уур амьсгал, эх орноосоо алс газарт бие биеэ гэсэн сэтгэл, хийж бүтээхийн төлөө санаа нийлсэн, зангидсан гар шиг болсон хамт олон юм. Бэй Аэриагийн монголчуудын чухал нэгэн хэсэг, монголчуудынхаа бүхий л үйл ажиллагааг байнга дэмжиж, хувь нэмрээ оруулж байдаг Дашаа дожо дэвжээний хамт олон, үүсгэн байгуулагчид, багш дасгалжуулагч нар, тамирчин хүүхдүүд, эцэг эхийн зөвлөлд 10 жилийн ойн баярын мэнд хүргэж, санасан зорьсон үйлс нь саад үгүй бүтэхийн ерөөл өргөе.

БАМХ

25395787_1280574145382225_5360907749110777974_n.jpg
25398623_10213169868055206_3676985484273762814_n.jpg
25396005_10204011602288147_1156564802001588096_n.jpg
25507644_1280589632047343_7043036111284929031_n.jpg