2018 оны 1-р сарын 20-ны билэгт сайн өдөр "Монгол уран нугаралтын төв"-ийн хамт олон, уран бүтээлчид анхны тайлан тоглолтоо хийлээ. Нэг ч суудал үлдэлгүй, танхим пиг дүүрсэн хоёр удаагийн тоглолтоор уран нугараачид, циркийн жүжигчид маань гайхалтай сайхан үзүүлбэрээр үзэгчиддээ бэлэг барьж, анхны бүрэн хэмжээний тоглолтоо халуун алга ташилтаар мялаалгав. Америкт хөл тавьсан үеэсээ 23 жилийн турш уран нугарагч Б.Сэрчмаа эрдэмт багшаасаа өвлөсөн уран нугаралтын гайхамшигт үзүүлбэрээр америк үзэгчдийг байлдан дагуулсаар монгол уран нугаралтын тусгай дэг жаягийг мэдрүүлж, одоо өөрийн гарын шавь нарыг монгол дэг жаягаар сургаж, дэлхийд гайхагдсан монгол урлагаа сурталчилсаар явна.
Морин хуурын уянгат аялгуугаар "Монгол уран нугаралтын төв"-ийн анхны тайлан тоглолт эхэлсэн нь утга төгөлдөр болов. Өөрийн гэсэн байр суурьтай циркийн жүжигчид болсон түүний анхны шавь нар багшийнхаа тайлан тоглолт дээр уригдан тоглолоо. Хичээллээд удаагүй бяцхан шавь нар нь хамгийн олон удаа үзүүлбэр үзүүлж, алдар цуутай жүжигчид, уран нугараачид болох ирээдүй энүүхэнд байгааг илтгэлээ.
Шавийн эрдэм багшаас гэдэг билээ. Энэ олон хүүхдийг монгол урлагийн амтанд оруулж, харь оронд гэлтгүй монгол уран нугаралтын залгамж халааг бэлтгэх үйлсэд сэтгэл зүрхээ зориулан зүтгэж буй Сэрчмаадаа, тоглолтын зохион байгуулалт, менежментийг хариуцаж, арын албыг даасан Сэрчмаагийн хань Н.Цогтбаярт олон сайхан уран бүтээлчид төрүүлж, гайхамшигтай тоглолтууд хийхийн ерөөл өргөн, халуун баяр хүргэе!
Монгол уран нугаралтын гайхамшгаас хичээнгүйлэн суралцаж буй шавь нар, хүүхдүүдээ дэмжин тусалж байдаг хөдөлмөрч аав ээж нарт баяр хүргэж, амжилтын дээдийг ерөөе! Та нартаа баярлалаа.