Америкийн баруун эргийн монголчууд баяр хөөртэй сайхан наадлаа.
Баяр Наадмын Нээлтийн Ажиллагааны Тухай
Баяр наадмын нээлтийн ажиллагааг “Сэрсэн Монгол” сэдвээр бэлтгэв. Хөгжимд баярын жавхаа эгшиглэхэд хөтлөгчид маань тайзан дээр гарч, Монгол Улсын төрийн далбааг наадмын талбайд залахаар байраа эзэлсэн алдартнууд маань, Бэй Аэриад тогтмол амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа олон нийт, урлаг, спортын байгууллагын төлөөлөгчдийг дагуулан наадмын талбайд сүр жавхлантайгаар орж ирлээ. Монгол Улсын төрийн далбааг Улаанбаатар хотын уугуул, түүхийн ухааны доктор, эрдэмтэн судлаач, Монголчууд цахим түүхийн сонсдог цуврал номын зохиогч, Монголын эзэнт гүрэн музейн цогцолбор төслийн зохицуулагч Дэмбэрэлийн Өлзийбаатар, Монгол улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа ЕКГ-ын нэгдүгээр нарийн бичгийн дарга Цэрэнсономын Сийлэгмаа, Самбо бехийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний менге, Самбо бехийн Азийн аварга шалгаруулах тэмцээний менге, байлдааны самбо бехийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой менге, Кураш бехийн ДАШТ-ний хүрэл, Жиу жицу бөхийн мастеруудын ДАШТ-ний алт, хүрэл медаль, Жиу жицу бөхийн Пан Америкийн АШТ- ний хошой аварга, мөн мөнгөн медальт, Жиу жицу бөхийн Ази тивийн аварга, Жүдо бехийн МУ-ын дөрвөн удаагийн аварга, ОУ-ын хэмжээний мастер Дорждэрэмийн Мөнхбаясгалан, БАМХ-ны дэргэдэх төгөлдөр хуурын дугуйлангийн авьяаслаг сурагч, мөн сургуулийнхаа тэргүүний сурагч Ганбаатарын Анжел, явган аяллын “Номадик” клубын гишүүн, Уитни оргилд гурван удаа, Шаста оргилд нэг удаа, Уиллиамсон оргилд нэг удаа, Халф Домд хоёр удаа гарч, Норвегийн хойд туйл дахь нохойтой чарганы 2017 оны уралдаанд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон Жаргалын Баасансүрэн, Аламеда хотын ШУТ-ийн сургуулийн 10-р ангийн онц сурлагатан, Гэр Хүүхдийн Төв, Би Монгол сургуулийн тэргүүний сурагч, МХО-ны алтан медальт, ОУ-ын Рүрүкэн бүрэн контакттай каратегийн тэмцээний 2011, 2012, 2015 оны аварга Болортолийн Төгөлдөр, Бэй Аэриагийн монголчуудын шилдэг бизнесмэн, Евроазиа хоолны газрын эзэн, сайн үйлсийн эзэн Очирпүрэвийн Баттулга, Америкийн монголчуудын сагсан бөмбөгийн гурван удаагийн аварга, Америкийн монголчуудын сагсан бөмбөгийн баруун бүсийн аварга, “Жинтан” лигийн аварга, “Оакбойз” баг, “Жинтан” лигийн үүсгэн байгуулагчдын нэг Энхцэцэгийн Гэрэлхүү , МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медальт, Монголын гардан тулааны холбооны спортын мастер, Дашаа Дожо дэвжээний багш дасгалжуулагч, Рэтүрн хамтлагийн бөмбөрчин, ОУ-ын бүрэн контакттай Рүрүкэн каратэгийн 2016 оны хүнд жингийн аварга, “Үөрлд Ояма” Кокушин каратэгийн хүнд жингийн 2017 оны аварга Цогтбаярын Амирлан нар наадмын талбайд залан авчирлаа. БАМХ, Хүүхдийн “Гэр” төв, “Би монгол” сургууль, гардан тулааны “Дашаа дожо” төв, Сан Франциско хот дахь Монгол уран нугаралтын төв, Сан Франциско хот дахь “Иммануэль” сүм, Оакланд хотын “Анхдугаар монгол чуулган”, сагсан бөмбөгчид, Монгол шагайн товчоо, явган аяллын “Номадик” клубын төлөөлөгчид баярын жавхаатайгаар наадмын талбайд жагсаж, наадамчин олондоо баяр наадмын мэнд хүргэлээ. БАМХ-ны тэргүүн Цэгмидийн Батсоёмбо наадмыг нээж, үг хэлсний дараа МУ-ын төрийн дуулал Бэй Аэриагийн наадмын талбайд хорь дахь удаагаа цог жавхлантай эгшиглэв. МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Салдангийн Эрдэнэ наадамчин олондоо баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.
Баяр наадмын нээлтийн ажиллагааны урлагийн тоглолт Шаравын “Сэрсэн тал” хөгжмийн аялгуунд бүх бүжигчид бүжсэнээр эхлэв. Монголын сайн сайхан ирээдүйг харуулсан тоглолтыг монгол бүжигтэй хослуулсан гүн гүнзгий утга санаа бүхий зохиомжийг бүжиг дэлгээч Батзориг багш дэглэн найруулсан юм. Төрийн наадмыг “Түмэн эх”-ээр нээдэг уламжлал ёсоор Энхболд цээл сайхан уртын дуугаар ая барьж, морин хуурч, МУСТА Оргилсайхан, морин хуурч Нямдорж нар хуурдав. Дараа нь Оргилсайхан, Нямдорж, Түмэндэмбэрэл, Соёмбо нарын морин хуурын дөрвөл “Үүлэн бор” аялгууг тоглож, “Би монгол” сургуулийн сурагч Үжин МУ-ын гавьяат жүжигчин, Ардын Багш Долгорсүрэнгийн дэглэлт “Уран Гар” бүжгээр, “Монгол уран нугаралтын төв”-ийн сурагчид уран нугаралтын үзүүлбэрээр, “Би монгол” сургуулийн сурагчид Лхаасүрэнгийн дэглэлт “Баяд” бүжгээр наадамчин олондоо бэлэг барьлаа. МУСТА, “Ньюанс” хамтлагийн дуучин Өнөрбаатар яруу найрагч Явуухулангийн шүлэг, УГЗ Баттөмөрийн хөгжим “Би хаана төрөө вэ”, Ардын уран зохиолч, яруу найрагч Сүрэнжавын шүлэг, МУ-ын гавьяат жүжигчин Тэрбишийн хөгжим “Тольтой мөнгөн эмээл” дуугаар ая дууны цэнхэр хадаг өргөн барив.
Ийнхүү Бэй Аэриагийн монголчуудын хорь дахь удаагийн баяр наадам ёслол төгөлдөр эхэлсэн юм.
Нээлтийн ажиллагаанд хамтран ажилласан байгууллагууд:
Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо
МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа ЕКГ
Хүүхдийн “Гэр” төв, “Би монгол” сургууль
Гардан тулааны “Дашаа дожо” дэвжээ
“Монгол уран нугаралтын төв”
“Гэрлийн өргөө” олон нийтийн байгууллага
Телевизийн “Манд студи”
Нээлтийн ажиллагаанд ажилласан:
Ерөнхий продюсор Ц.Батсоёмбо
Ерөнхий найруулагч, уран сайхны удирдаач Батзориг
Гүйцэтгэх продюсор: Ю.Ариунзаяат, Д.Дашмягмар
Санхүүгийн алба: Б.Саранчимэг
БАМХ-ны Монгол дахь төлөөлөгч Ц.Хишигбаяр
Хөтөлбөрийг бичсэн Ц.Батсоёмбо, Хосцэцэг, Д.Жанцанхорол
Хөтлөгч: Хосцэцэг, Д.Жанцанхорол
Хөгжим саундны холболт, хөгжмийн найруулга: С.Төмөрбаатар, Б.Улаанаа
Гэрэл зурагчид: Н.Ганчимэг, Б.Билэгт, Уильям Ли, Т.Мөнхсуурь
Бүжигчид: Д.Оюунгэрэл, Оюунцэцэг, Сугармаа, Оюунцэцэг, Б.Алтанзаяа, Д.Намуунаа
Хааны дүрд: Дөлгөөн
Хатны дүрд: П.Сэлэнгэ
Баатруудын дүрд: Батхишиг, М.Чинбаатар
Хааны хүүд хамгийн залуу “жүжигчин”, 6 сартай хөөрхөн хүү тоглож, урлагийн гараагаа эхэллээ.
Уртын дуучин: Энхболд
Дуучин: МУСТА Өнөрбаатар
Хөгжимчид: МУСТА Ч.Оргилсайхан, морин хуурч Нямдорж, сурагч Т.Түмэндэмбэрэл, БАМХ-ны дэргэдэх морин хуурын дугуйлангийн сурагч Т.Соёмбо
“Би монгол” сургуулийн бүжгийн дугуйлангийн сурагчид-Удирдсан багш Батзориг
“Монгол уран нугаралтын төв”-ийн сурагчид- Удирдсан багш Б.Сэрчмаа
Хувцас хэрэглэлээр тусласан хүүхдийн “Гэр төв”-ийн хамт олон, Вашингтон ДС хотын Ганхуяг, Сан Франциско хотын Ш.Баатар, Аламеда хотын Хосцэцэг нарт гүн талархал илэрхийлье. Хаан, хатны хувцсыг сэтгэл гарган урласан уран гартай үйлчин бүсгүй Өлзийсайханд онцгойлон баяр хүргэе.
Бэлтгэлийн үеийн хоол ундыг даасан БАМХ-ны хамт олон, ивээн тэтгэгч Сэлэнгэд баярлалаа.
Монгол наадмынхаа сүр жавхааг нэмж, хотлыг цэнгүүлэхээр олон хоног сэтгэл гарган ажилласан урлагийнхан, зохион байгуулагчид, хүүхдүүд, эцэг эхчүүдэд баяр хүргэж, дахин дахин талархал илэрхийлье. Та бүхнийг монгол наадмын босоо цагаан хийморь ивээх болтугай.
Хүчит Бөхийн Барилдаан
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадам, Бэй Аэриагийн монголчуудын хорь дахь удаагийн наадмаар хүчит 32 бөх хүчийг үзэн барилдсанаас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, залуу бөх Чагнаадорж түрүүлж, Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, залуу бөх Баасанболд үзүүрлэн, Ховд аймгийн Чандмань сумын уугуул М.Чинбаатар, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул Эрдэнэбат шөвгөрлөө. Жил бүрийн уламжлалт “Уран барилдааны шагнал”-ын эзнээр Сиатл хотоос ирж барилдсан, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул Эрдэнэбат шалгарлаа. Түрүүлж, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдээ алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, ивээн тэтгэгчдийн үнэ бүхий шагналаар мялаалаа.
Өсвөрийн бөхчүүдийн барилдаан гурван насны ангиллаар явагдав. Бага насны ангилалд А.Идэр түрүүлж, Б.Баттүвшин үзүүрлэсэн бол дунд насанд П.Хангай түрүүлж, Ү.Эрдэм үзүүрлэсэн. Ахлах насны ангилалд Г.Ашид түрүүлж, Санчир үзүүрлэжээ. Өсвөрийн бөхчүүд маань алт, мөнгөн медаль, өргөмжлөл, ивээн тэтгэгчдийн тусгай шагналыг хүртлээ.
Говь-Алтай аймгийн уугуул, аймгийн арслан Эрдэнэбаяр бөхийн зүүн талыг манлайлан, наадамчин олноо баясгалаа. Олон жил Бэй Аэриагийн наадмыг чимж, бөхчүүдээ ахалж байгаа хашир арсланд гүн талархал илэрхийлье.
Бөхийн даагаар ажилласан Г.Үнэнбат, аймгийн арслан, чөлөөт бөхийн ОУ-ын хэмжээний мастер А.Болдсүх, засуулаар ажилласан Отгонбаатар, Одбаяр, Батхишиг, хөлийн цэцийн идээ, үйлчилгээг хариуцан ажилласан Нэргүй, Саранчимэг нартаа гүн талархал илэрхийлье.
Ачаа тээврийн “Бид монгол” компани баяр наадмын түрүү бөхийг 55 инчийн ухаалаг телевизор, 300 долларын үнэ бүхий ачаа явуулах эрхийн бичиг, үзүүр бөхийг 200 долларын ачаа явуулах эрхийн бичгээр байлж, баяр наадмын зохион байгуулалтад онцгой дэмжлэг үзүүллээ. Хүчтэний өлгий нутгийн охин Тамираа эзэнтэй “Хэвэнли бистро” ресторан үзүүр бөхийн бай шагналыг хоёр дахь жилдээ ивээн тэтгэж, 48 инчийн ухаалаг телевизороор байлав.
Бага насны хүүхдийн барилдааны бай шагналыг Мораго хотын Э.Эрдэнэбаяр, Б.Түмэндэмбэрэл нарын гэр бүл, дунд насны хүүхдийн бай шагналыг Новато хотын Д.Лувсанжамбаа, Л.Наранчимэг нарын гэр бүл, ахлах насны хүүхдийн бай шагналыг Завхан аймгийн арслан, алдарт дасгалжуулагч Юнрэн агсаны охин Ю.Ариунзаяат, уран барилдааны шагналыг аймгийн арслан А.Болдсүх, Б.Саранчимэг нарын гэр бүл, шөвгөрсөн бөхчүүдийн шагналыг Ц.Мөнхцоож, Ц.Ганболд нар ивээн тэтгэлээ. Хөлийн цэцийн тавгийн идээг Пинол хотын О.Намжилхүү, Д.Ариунаа нарын гэр бүл, хөлийн цэцийн идээ ундааг Кастро Валли хотын Г.Үнэнбат, Нэргүй нарын гэр бүл, бөхийн цацлын боорцгийг Мораго хотын Ж.Гомбожав нар хандивласан юм. Эрхэм хандивлагч нартаа маш их баярлалаа. Та бүхний гэгээн үйлс дэлгэрэх болтугай.
Баруун эргийн монголчуудын баяр наадмын хүчит бөхийн барилдааныг амжилттай зохион байгуулж, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөхийн комиссынхон, зохион байгуулагчид, бөхчүүд, өсвөрийн бөхчүүд, хөгжөөн дэмжигчид, хандивлагч нартаа гүн талархал илэрхийлье. Та бүхнийг монгол бөхийн босоо цагаан хийморь ивээж байх болтугай.
Сур Харваа
Хүүхдийн сурын харвааны тэмцээнийг уламжлал ёсоор Зулхүү, Туул нарын гэр бүл ивээн тэтгэж, зохион байгуулав. Хүүхдийн сурын харвааны тэмцээний 1-р байранд Санчир, 2-р байранд Лхагваа, 3-р байранд Жамъяндагва нар орж, алт мөнгө, хүрэл медаль, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.
Хавт Хасарын удам бяцхан харваачиддаа болон энэ тэмцээнийг олон жил ивээн тэтгэж, зохион байгуулж, Бэй Аэриагийн наадмыг эрийн гурван наадамтай болгож байгаа Зулхүү, Туул нарынхаа гэр бүлд гүн талархал илэрхийлж, сайн сайхны ерөөл өргөе.
Хурдан Дааганы Уралдаан
Баяр наадмын хамгийн үзүүштэй, өхөөрдмөөр, эрч хүчтэй, өрсөлдөөн ихтэй тэмцээн бол хурдан дааганы уралдаан билээ. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадам, Бэй Аэриагийн монголчуудын хорь дахь удаагийн наадамд тоосоо өргөхөөр ирсэн газар, газрын хурдан дааганууд гарааны зурхай дээр байраа эзлэхэд морины комиссын Улаанаа, Жанцанхорол нар тусгай зааварчилгаа өгсөний эцэст дааганууд жирийлээ. “Цолмон хүү мэрийхээрээ мэрийнэ. Цоохор даага жирийхээрээ жирийнэ” гэж хэлж дуусаагүй байхад айргийн таван даага барианд оров. Төд удалгүй баян ходоодны даага ч тодорлоо.
Энэ жилийн наадмын хурдан дааганы уралдааны айргийн таван байрны шагналыг даасан Мораго хотын Улаанаа, Болроо нарын гэр бүлд, баян ходоодны шагналыг олон жил дааж байгаа Аламеда хотын Болортоль, Болорчимэг нарын гэр бүлд наадамчин олныхоо өмнөөс гүн талархал илэрхийлье.
Хурдан дааганы уралдааныг олон жил маргаангүй, амжилттай зохион байгуулж байгаа хурдан морины комиссын ахлагч Ж.Бат-Очир, гишүүд Б.Улаанаа, Д.Жанцанхорол нарт маш их баярлалаа. Унаж хурдлуулах хөөрхөн даагануудыг шөнөжин сууж гараараа урладаг Бат-Очир ахад нь, дааганы хүүхдийн гоёхон малгай, нөмрөг урлаж өгдөг Л.Цолмон, Л.Сараа, Л.Эрдэнэчимэг эгч нарт нь баярлаж хөөрсөн хүүхдүүдийн өхөөрдөм хөөрхөн инээд баяслаар сайны ерөөл өргөе. Энэ дашрамд одоо олон улс оронд тэмдэглэж байгаа монгол наадам болгонд уралдуулдаг “хурдан даага”-ны уралдаан хамгийн анх Бэй Аэриагийн наадмын зүлэг ногоон дэнжээс эхэлж байсныг санан бичиглэхэд нэн таатай байна.
Монгол хүүхдийн хөл хурдан, хийморь өөдөө байг.
Худалдаа, Үйлчилгээ
Баяр наадмын бас нэгэн сонин бол худалдаа үйлчилгээ байлаа. Наадамд очсон бол хуушуур авч иддэг болохоор зохион байгуулагчдын зүгээс наадамчин олноо хуушууртай баярлуулах гэж жилийн жилд хичээдэг билээ. Голден гэйт парк, Сан Франциско хотын зүгээс нийтэд худалдаалах хуушуур, халуун хоолны цэгүүдэд тавих шаардлага хэтэрхий өндөр, зөвшөөрлийн хураамж бас улам ихэсч байсан нь наадмын талбайгаа солих олон шалтгааны нэг болсон юм.
Энэ жил уламжлал ёсоор Ричмондын “Евроазиа”, Сан Францискогийн “Монгол кафе” хоолны газрууд, Отгончимэгийн “Наадмын хуушуур” цэгүүд ажиллаж, наадамчин олноо хуушууртай наадууллаа. Халуун наранд хуушуурны халуун галын дэргэд өнжинө гэдэг амаргүй хөдөлмөр. Монгол наадмаа бүтэн болгохын төлөөх тэдний зүтгэлд талархаж байна.
Монгол үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн П.Сарнай, БАМХ-ны худалдааны ширээг хариуцан ажиллуулж, наадмын зардалд нэмэрлэсэн П.Сэлэнгэ, Лос Анжелес хотоос ирж, бараа бүтээгдэхүүнээ сурталчилсан гоо сайхны бүтээгдэхүүнийхэн, санхүүгийн бүтээгдэхүүн сурталчилсан “Транс Америка” компанийхан, өөрийн хийцийн гоёл чимэглэлээ дэлгэн үзүүлж, худалдаа хийсэн Энхтуяа, мөн телевизийн сурвалжлагаа хийхийн зэрэгцээ гоёл чимэглэлийн худалдаа хийж амжсан Мандах болон тэдний туслахуудад баяр наадмаа хөлтэй өргөн болгоход хувь нэмрээ оруулсанд маш их баярлалаа.
Баяр наадмын үеэр анз найзынхаа гэр бүл, хүндээр өвдсөн бяцхан хүүд нь туслахаар хуушуур хийж, хандив цуглуулахаар ханцуй шамлан ажилласан Б.Хишигт, Л.Алтангэрэл нарын залуусаар бахархаад баршгүй. Үндэсний бөхийн даа Г.Үнэнбат хүчтэн эрчүүдийн дунд “сээр хуга цохих” бооцоот тэмцээн зохион байгуулсан нь баяр наадмын бас нэгэн хөгжөөн байлаа. Олон эрчүүд өрсөлдсөн боловч сээрийг хуга цохин, бооцооны мөнгийг хожих хүчтэн гарсангүй. Харин тэд бооцоонд цугларсан 105 доллароо хүүгийн хандивт өргөж, өглөгийн эзэд болцгоолоо. Тэмцээнийг зохион байгуулан, сайн үйлсийн эзэн болсон Г.Үнэнбатад баярлалаа. Та бүхний сэтгэлийн хүч, наадамчин олны итгэлээр бяцхан хүү түргэн эдгэрэх болтугай.
"Дээлтэй Монгол" Тэмцээн
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадам, Бэй Аэриагийн монголчуудын хорь дахь удаагийн баяр наадамдаа хүрэлцэн ирсэн наадамчин олон үндэсний хувцасаараа гоёж ирсэн нь наадмын талбайд улам их сүр жавхлан нэмж байлаа. Угаас монголчууд "Мандах төрийн малгай, Бүтэх төрийн бүс" хэмээн дээл хувцсаа эрхэмлэн дээдэлдэг хувцас гоёлын өндөр соёлтой ард түмэн.
"Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг" гэдэг билээ. Хөрш Сакраментогийн Монголчуудын холбооноос "Дээлтэй Монгол" тэмцээнийг хоёр дахь жилдээ хариуцан зохион байгуулав. Баяр наадмаа хүндлэн гоёж ирсэн наадамчин олон бүгдээрээ хараа булаам сайхан байсан ч нэгэнт тэмцээн хэмээн зарласан тул үзэгчдийн болон шүүгчдийн саналаар хамгийн ганган гэр бүлээр Лхагвын гэр бүл, эмэгтэйчүүдээс Учрал, Мөнхзаяа, охидоос Маралмаа нар шалгаран ивээн тэтгэгчдийн тусгай шагнал хүртэв.
Монгол соёл, уламжлалаа дээдэлсэн сайхан тэмцээнийг ивээн тэтгэсэн Цолмон, Амаржаргал, Доржпагма, Ариунаа, Номин нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. "Дээлтэй монгол" тэмцээнийг сонирхолтой сайхнаар зохион байгуулж, уут дүүрэн бэлэгнүүд ганзгалан, холоос сэтгэл гарган хүрч ирээд ганган эрхэмсэг наадамчдын шинэхэн гоёлыг мялаасан СМХ-ны УЗ-ийн гишүүн И.Амаржаргалд халуун баяр хүргэж, улам их амжилт хүсэн ерөөе. Дээл бүсэн гоёлтой Монгол түмний наадмын хийморь ашид ивээг.
Хүүхдийн Гар Зургийн Уралдаан
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадам, Бэй Аэриагийн монголчуудын хорь дахь удаагийн баяр наадамд зориулсан хүүхдийн гар зургийн уралдааныг Сан Франциско хотын "Гэрлийн өргөө" байгууллагын авьяаслаг залуус анх удаагаа ивээн тэтгэж, зохион байгууллаа. Гурван насны ангиллаар тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй хүүхдийн гар зургийн уралдаанд энэ удаа 30 хүүхдийн 45 уран бүтээл ирснээс шүүгчид хүүхдийн өөрсдийн дүрслэл, зохиомж, утга санааны илэрхийллийг голлон анхаарч, байр эзлүүлжээ. Бүх бүтээлээр наадмын талбайд үзэсгэлэн гаргаж сурталчилсан бөгөөд үзэсгэлэнгийн асраар хөл хөдөлгөөн ихтэй, үзэгчид хүүхдүүдийн бүтээлийг өндрөөр үнэлж бахархаж байлаа.
Ахлах насны ангилалд:
1-р байранд 15 настай О.Оюударь
2-р байранд 15 настай Ү.Алтанбагана
Дунд насны ангилалд:
1-р байранд 13 настай С.Анхилан
2-р байранд 10 настай Б.Дөлгөөн
Бага насны ангилалд:
1-р байранд 6 настай М.Үжин
2-р байранд 8 настай С.Мишээл нар шалгарч, ивээн тэтгэгчдийн үнэ бүхий зүйлээр шагнуулав.
Зохион байгуулагчид оролцсон бүх хүүхдэд дурсгалын зүйл гардуулжээ. Баяр наадамд зориулсан хүүхдийн гар зургийн уралдааныг ивээн тэтгэж, амжилттай зохион байгуулан, сайхан үзэсгэлэн гаргаж, хүүхэд багачуудынхаа авьяас билгийг нээн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан "Гэрлийн өргөө" байгууллагын хамт олон, Б.Өлзийсайхан, Т.Золбоо нарын уран бүтээлч залуустаа халуун талархал илэрхийлье.
Монгол Шагайн Харваа
Баяр наадмаар наадамчдын анхаарлыг татсан нэгэн өрсөлдөөнт тэмцээн бол шагайн харваа юм. Монгол ёс уламжлалыг нэвт шингээсэн шагайн харваа Бэй Аэриад байгаа монголчуудаа нэгдэн нягтруулах, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадам, Бэй Аэриагийн монголчуудын хорь дахь удаагийн баяр наадамд зориулсан шагайн харвааны тэмцээний багийн төрөлд Төмөрчөдөр ахлагчтай "Уухай" баг түрүүлж, Баяраа ахлагчтай "Галил" баг удаалж, Ганзориг ахлагчтай "Тойром" баг 3-р байранд оржээ. Шагай харваачдаас Цолмон түрүүлж, аймгийн гоц мэргэн Ганзориг удаалж, МУ-ын хошой мэргэн Жавхлантөгс 3-р байранд шалгарсан байна. Монгол шагайн товчооны шинэ тэргүүн Батбаатарын санаачлагаар Сонирхогчдын дунд зохион байгуулсан тэмцээн маш өрсөлдөөнтэй болж, Болор-Эрдэнэ тэргүүлжээ.
Монгол шагайн товчооноос БАМХ-д арвижин дээшлэхийн билэгдэл арслантай авдар, алд цэнхэр хадагийн хамт өргөн барьсан нь хүний газар хөл гараа олох гэж яваа монголчууд бидний хувьд билэг дэмбэрэлтэй сайхан бэлэг юм.
Баяр наадмынхаа талбайг олон жил чимж байгаа, наадамд шагайн харвааны тэмцээнийг ивээн тэтгэж, олон түмнийг хамруулан зохион байгуулж, мөн наадмын зохион байгуулалтад идэвх чармайлттай оролцсоор ирсэн Батбаатар ахлагчтай Монгол шагайн товчооны хамт олонд талархал илэрхийлж, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байхын ерөөл дэвшүүлье.
БАМХ
Баяр наадмын комисс
2017 он