Сайн дурын ажилтны өдөрт зориулав

Өнөөдөр сайн дурын ажилтнуудын өдөр. Жил бүрийн 12-р сарын 5-ны өдрийг олон улсын сайн дурынхны өдөр болгон тэмдэглэхээр НҮБ-аас тогтжээ. 
АНУ-ын баруун эрэг, Бэй Аэриа орчимд монголчуудын олон нийтийн байгууллагууд үйл ажиллагаагаа тогтворжуулах, монголчууддаа зориулсан арга хэмжээ зохион байгуулахад сайн дурын ажилтнуудын хувь нэмэр хэмжээлшгүй их билээ. Олсон орлогоо өртөг өндөр газрын шаардлагатай зардалд зориулаад дуусдаг тул бүх ажил сайн дурын ажилтнуудын хөлс хүч, цаг зав, сэтгэл зүтгэлээр бүтдэг юм. Тэдний хувь нэмэр үнэлж баршгүй боловч тэд маань баярлалаа гэсэн чин сэтгэлийн үгнээс урам авч, хийсэн бүтээснээрээ бахархаад л сэтгэл ханадаг улс даа. 
Бэй Аэриад монголчууд маань арга хэмжээ, сургалт, уулзалт, үйл ажиллагаа зохион байгуулдаг болоод бараг хорь шахам жил болж байгаа билээ. Энэ бүхэн хугацаанд, төдийгөөс өдий хүртэл монголчуудынхаа төлөө зүтгэж, ажиллаж байгаа сайн дурын бүх ажилтнууддаа талархал илэрхийлж, бусдын төлөө хийсэн бүхэн тань бум үржин өөрсдөд тань очихын ерөөл өргөе.

БАМХ