Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос зохион байгуулж буй НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ цуврал уулзалтын энэ удаагийн зочноор Орос хэл, уран зохиолын багш Ойдовын Туул гуай уригдлаа.
СЭДЭВ: Төрийн шагналт зохиолч Чойжамцын Ойдовын амьдрал, уран бүтээл
ТОВЧ НАМТАР: Ч.Ойдовын Туул нь 1971 онд Улаанбаатар хотын 10 жилийн 2-р дунд сургууль төгсөж, Улсын багшийн дээд сургуулийг орос хэл, уран зохиолын багшийн мэргэжлээр сурч төгсөөд, Архангай аймгийн гурван суманд 4 жил, Ховд аймгийн 10 жилийн дунд сургуульд 12 жил багшилсан байна. Хэсэг хугацаанд Энэтхэг улсад амьдарсны дараа Улаанбаатар хотын 10 жилийн 1-р дунд сургуульд үргэлжлүүлэн багшилжээ. О.Туул багш энэ жил Төрийн шагналт зохиолч Ч.Ойдов аавынхаа 100 насны ойг тэмдэглэхээр бэлтгэж байна. Зохиолч Ч.Ойдов нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, 2-р дайны фронтын сурвалжлагч, жүжгийн зохиолч хүн билээ. Монголын ард түмэн түүнийг "Далан худалч", "Жаргалын зам", "Зам" жүжгийн зохиолуудаар нь сайн мэднэ. Зохиолч Ч.Ойдов гуай хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн гуайтай хэрхэн хамтарч ажиллаж байсан талаар О.Туул багш сонирхолтой яриа дэлгэх болно.