Back to All Events

Оюутан, залуусын холбооны уулзалт

Сайн байцгаана уу, эрхэм хүндэт монголчууд аа.

Хүн бүрийн эх нутгаасаа алсыг зорин ирж, ажиллаж амьдарч байгаа зорилго адилгүй боловч дийлэнх маань яах гэж ингэж явна гэсэн асуултад хэдэн хүүхдээ өндөр хөгжилтэй орны сайн сургуульд сургаж, өндөр боловсрол, мэдлэгтэй хүн болгох гэж л алд биеийг огоорон, алжаал ядралыг умартаж явна даа хэмээн хариулах нь бий. Үнэхээр ч ирээдүй хойч болсон залуу үеийн маань эрдэм боловсрол, хүмүүжил, ёс суртахуун бол эцэг эх, тухайн гэр бүл төдийгүй, элгэн садан, монгол ахан дүүс, цаашилбал улс гэрийн маань анхаарах амин чухал асуудал билээ. Үр хүүхдийнхээ эрдэм боловсролыг зорилгоо болгосон гэр бүлийн хувьд тэднийхээ сурах боловсрох орчин нөхцлийг бүрдүүлэх, сургууль, багштай нь холбоотой хамтарч ажиллах, сургуулийн дараах нэмэлт боловролд нь анхаарахаас гадна олон олон асуудал босч ирдэг. Ялангуяа ахлах сургуулиа төгсөх дөхөж байгаа хүүхэдтэй айлд ирээдүйн ажил мэргэжил, сургуулиа хэрхэн сонгох, дээд сургуулийн төлбөр мөнгийг яаж төлж барагдуулах гээд чухал сэдвээр байсхийгээд халуун яриа өрнөж байгаа нь лавтай. Зарим гэр бүлд ирэх жил, түүний дараа жил, хэдхэн жилийн дараа ийм яриа өрнөх болохоор тэд бяцхан чих тавьж, ийм асуудалтай аль хэдийн тулгарсан найз нөхдөөсөө битүүхэн сураг тавих нь ч бий. Хэдийгээр сургууль бүрт энэ талаар хангалттай зааж, тусгай багш нар нарийвчлан зөвлөдөг боловч монгол хүн монгол хүнээсээ, аль хэдийн тэр замыг туулаад өөрийн гэсэн туршлага, мэдээлэл хуримтлуулсан оюутан залуусаасаа сонсож мэдэж авах нь маш чухал юм аа.

Энэ бямба гаригт буюу 4-р сарын 6-ны өдрийн 12 цаг 30 минутаас Оюутан, залуусын холбооныхон, нэр хүндтэй дээд сургууль, коллежийн оюутнууд маань удахгүй тэдний араас залгамжлах дүү нар, тэдний эцэг эх, мөн мэдлэг боловсролоо дээшлүүлэхийг хүсдэг насанд хүрэгчид, ер сонирхсон хүн бүртэй сургууль, боловсролын системийн талаар өөрсдийн хуримтлуулсан туршлага, мэдээллээ хуваалцана. Үүнд:

- Америкийн боловсролын системийн онцлог

- Ахлах сургуулиа төгсөхөд ямар нөхцлийг хангах ёстой вэ

- Нэр хүндтэй сайн сургуульд яаж элсэх вэ, ямар үзүүлэлт дээр анхаарах вэ, хэзээнээс өргөдлөө явуулах вэ, өргөдлөө яаж бичвэл илүү үр дүнтэй вэ

- Чухал шалгалтуудад яаж бэлтгэх вэ

- Сургуулийн зардлаа яаж бүрдүүлэх вэ, төлбөрийн хөнгөлөлт хэрхэн эдлэх вэ, үнэ төлбөргүй сурах боломж байгаа юу, хаанаас яаж тэтгэлэг олох вэ

- Хамгийн сайн боловсролыг хэрхэн яаж аль болох зардал багатай олох вэ

- Бичиг баримтгүй оюутнууд яаж сургуульд сурах вэ, тэдэнд хөнгөлөлт эдлэх, тэтгэлэг олох боломж байгаа юу

гэх мэт олон чухал асуудлаар өөрсдийн туршлага дээр тулгуурлан ярилцаж, мэдээлэл өгнө.

Уулзалт 4-р сарын 6-нд 12:30-аас Ажаа гэгээний төвд болно.

Хаяг: 610 16th st 2nd floor

Oakland CA 94612

Та бүхнийг өргөнөөр оролцож, үр хүүхдийнхээ ирээдүйд анхаарлаа хандуулан, илэн далангүй ярилцаж, мэдээллээ солилцохыг урьж байна.

БАМХ

Earlier Event: November 18
Treasures of Mongolia" by Ger Youth Center
Later Event: July 6
2013 оны Наадам